Ерөнхий сайд “Хөрөнгө оруулалтын стратегийн шинэчлэл” уулзалтад оролцлоо

2016 оны 4 сарын 7

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонкогт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эрдэнэс Монгол" ХХК-иас зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын стратегийн шинэчлэл” уулзалтад оролцов. Уулзалтад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, "Эрдэнэс монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан болон Канадын Тэтгэврийн сангийн төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын зөвлөл (CPPIB)-ийн Олон улсын хөрөнгө оруулалтыг хариуцсан ерөнхийлөгч Марк Мачинс нар оролцлоо.

Монголын эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхай, дэд бүтцийн салбарт баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхааран ажиллаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр илэрхийллээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан компанийн стратегийн шинэчлэл хийх, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бэхжүүлэх, ашгийн төлөө бизнесийн зарчмын дагуу компанийн үйл ажиллагааг явуулахыг зорьж буй талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын удирдлагын ур чадварыг сайжруулах, нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын мэдээллийн системийг шинээр нэвтрүүлэн толгой компанийн түвшинд удирдлагын чиг үүргийг бэхжүүлэх ажлуудыг Азийн хөгжлийн банктай хамтран гүйцэтгэж байгаагаа танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна