Ухаантай эр хүн мөнгөгүй байна гэж үгүй

2016 оны 4 сарын 7

“Voice“ хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.


-Та нэг хэсэг нам гүм байлаа. Энэ хугацаанд юу хийж байв?

-Чимээгүй байна гэдэг нь уран бүтээлээсээ хөндийрсөн, орхисон гэсэн үг биш л дээ. Энэ хугацаанд нэлээд хэдэн уран бүтээл дээр ажиллалаа. Кино, жүжгийн дуунууд болон хувийн уран бүтээл дээрээ хийсэн. Удахгүй бие даасан цомгоо гаргана. Дүрсжүүлж чадаагүй дуунууд их бий. Урин дулаан цаг ирж байгаа учраас уран бүтээлүүдээ дүрсжүүлээд сонсогчдодоо хүргэнэ.

-“Voice” хамтлаг тарсан гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

-Хамтлаг тараагүй. А.Эрдэнэжаргал маань гэр бүлээрээ Америкт амьдарч байгаад ирсэн, мөн хөөрхөн хүүтэй болсон. Тэгэхээр А.Эрдэнэжаргал хэсэг хугацаанд тун завгүй байлаа. Гэвч бид уран бүтээлээ орхиогүй. Саяхан нэг уран бүтээл дээр ажиллалаа. Удахгүй олон нийтэд хүрнэ.

-Танай хамтлаг хэдэн онд байгуулагдсан билээ?

-2008 оноос хойш зогсолтгүй уран бүтээлээ хийж байна. Одоо 2016 он гээд бодохоор “Voice” хамтлаг найман жил болчихжээ. Урын санд маш олон дуу бий. Таван удаа тоглолтоо хийж, үзэгч, сонсогчдодоо хүргэсэн. Энэ намар мөн тоглолт хийхээр төлөвлөсөн.

-Сүүлийн үед поп опера чиглэлийн шинэ залуу хамтлагууд гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, та нарт өрсөлдөгчид гарч ирж байна шүү дээ?

-Үүнд баяртай байгаа. Нийтийн, рок поп, хип хоп уран бүтээлчид олон байдаг. Гэтэл Монголд поп опера чиглэлийнх цөөхөн байна. Манайд шинэ урсгал юм шиг боловч дэлхийд аль эрт үүсч хөгжсөн зүйл.

-Хувийн амьдралын тань талаар асуумаар байна. Нэг хэсэг таныг гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай учир ургуулсан гэх мэдээлэл сошиалаар цацагдаад байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм мэдээлэл гарсны дараа би албан ёсны хариулт өгсөн. Тиймээс дахин дахин ярихыг хүсэхгүй байна.

-Нэгэнт эр хүнтэй холбоотой асуулт асуусных эр хүнийг ямар байх ёстой гэж боддог талаар мэдмээр байна?

-Ухаантай, ухамсартай байх хэрэгтэй. Тэрний мөнгөтэй төгрөгтэй нь хэнд ч хамаагүй. Эрэгтэй хүн ухаантай, бусдыг энэрч хайрлаж чаддаг байх ёстой. Хэчнээн царайлаг, мөнгөтэй байлаа гээд ухаан муутай бол хэцүү ш дээ.

-Ухамсартай, буйр суурьтай байлаа гээд зүдүүхэн амьдралтай бол хэцүү биш үү?

-Ухаантай хүн мөнгөгүй байна гэж байхгүй ш дээ. Нийгэмд зохих байр сууриа эзэлсэн, мэдлэг боловсролтой, ажилтай, ар гэрээ аваад явчих чадалтай байдаг.

-Баян айлын хүүхдүүд, өв залгамжлагчдын талаар юу хэлэх вэ. Урлагийнхан чинээлэг хүмүүстэй амьдралаа холбох нь элбэг байдаг?

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ мэдлэг боловсролд анхаардаг болсон. Аав ээжийнхээ олсон мөнгөөр сурч боловсорсон бол улс орондоо зориулах хэрэгтэй гэж боддог. Нийгэмд баян айлын хүүхдүүд шоучин гэх мэт тогтсон ойлголт байдаг. Шоу цэнгээн бол залуу насны л юм. Хүн бүр тойрохгүй, дайраад гарна. Гол нь хэмжээ хязгаартай, зогсох зогсоолтой, ухамсартай байж чадвал болно.

-Танд сэтгэлээ илчлэх залуу цөөнгүй байдаг байх. Хайртайгаа учирсан уу?

-Хайртай учраагүй л байна. Хайр гэдэг чинь их сонин ойлголт шүү дээ. Нэг бодохоор том зүйл юм шиг хэрнээ хааяа тун энгийн зүйл мэт. Миний амьдралын нэг өдөр гэр, ажил, хүүхдийн сургууль гээд л өнгөрдөг. Уран бүтээлээ хийнэ, тоглолттой бол тоглолтдоо оролцоно. Тун завгүй л байна.

-Хэр шаардлага өндөртэй вэ?

-Би хэнд ч шаардлага тавьж байгаагүй. Хамгийн гол нь энэ талаар нэг их бодохгүй байна. Цаг хугацаа нь болоогүй байх. Хийх юм зөндөө байна. Урдаа тавьсан зорилтууд бий. Тухайлбал, цомгоо өлгийдөж авна. Хамтлагийн болон хувийн уран бүтээл дээрээ ажиллана. Мөн энэ жил хэд хэдэн том тоглолтод оролцох бодолтой байна. Ойрын нэг, хоёр жилдээ ажлын шахуу төлөвлөгөөтэй байгаа. Эдгээрийгээ хамгийн түрүүнд гүйцэтгэнэ.

-Охин нь нэлээд том болсон байх. Одоо хэддүгээр ангид орсон бэ?

-Хоёрдугаар ангид сурч байгаа.

-Хэр адтай охин бэ. Ээжийнхээ зан араншинг дуурайсан уу?

-Миний охин урлагаас хол хөндий. Номын хүн болохоор шинжтэй харагдаад байдаг юм. Байнга ном, дэвтэр гэдэг хүүхэд бий. Номонд их дуртай. Том болоод сонирхол нь өөр болж магадгүй. Хүүхэд бүрийн хүсэл өөр шүү дээ. Заримдаа жүжигчин болно гэчихсэн явж байдаг. Би бол багадаа эмч эсвэл зураач болно гэж боддог байлаа. Гэтэл аравдугаар ангиа төгсөх үедээ гэнэт дуучин болно гээд бодчихсон. Үүндээ ч маш их итгэлтэй байлаа. Тухайн үед гэрийнхэн хүчтэй эсэргүүцсэн бол магадгүй өөр мэргэжил сонгох байсан байх. Конкурс өгч байхад аав, ээжийн аль ч талаас дуучин байхгүй гээд загнаад л. Хамаатан садан бүгд хурал хийж байгаад их зэмлэсэн дээ. Тэгээд сүүлд дуучин болсны дараа хурим найр ч юм уу ямар нэгэн баярын үеэр хамаатнуудаараа уулзахдаа “Өвөө чинь сайхан дуулдаг хүн байлаа, аав чинь их сайхан дуулдаг байсан” гээд л (инээв) ярьдаг юм. Тэгэхээр бүгд сайхан дуулдаг хүмүүс байсан байгаа юм. Харин мэргэжлийн дуучин болсон хүн байхгүй учраас намайг мэргэжлийн дуучин болж, амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэж байсан байх.

-Найр наадам, баярын арга хэмжээнд хэр их уригддаг вэ?

-Дуучид ямар нэгэн баяр, нээлтийн арга хэмжээнд их уригддаг. Хурим найр, үйл явдал, гаднын тоглолтуудад их, бага хэмжээгээр уригдана.

-Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэр анхаарч байгаа вэ. Саяхан БСШУЯ-наас зохион байгуулсан англи хэлний сургалтад хамрагдсан гэсэн?

-Тийм. Урлагийнхнаас гучаад хүн хоёр төвшинд хуваагдаад англи хэлний 21 хоногийн сургалтад суусан. Тэр тун өгөөжтэй сургалт болсон. Анх бие биеэсээ ичээд, гадаад багшаасаа бага зэрэг бэргээд л нэг их ярьж чадахгүй байсан бол сүүлд чөлөөтэй сайхан ярилцдаг, хоёр цагийн илтгэл тавьдаг болсон. Жилд нэг удаа ч болов иймэрхүү арга хэмжээг зохион байгуулж байвал урлагийнханд их хэрэгтэй санагдсан. Манайхан сүүлийн үед мундаг тэмцээнүүдэд амжилт гаргаад, нэрээ цуурайтуулж чадаж байгаа боловч хэлний тал дээр асуудалтай байдаг. Уг нь бид дараа дахиж сургалтад сууна гэж ярьж байсан. Гэхдээ бүгд урлагийнхан завгүй хүмүүс учраас дуулж, хөгжимдөөд алга болох шиг боллоо (инээв).

-Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд л эрэгтэй уран бүтээлчид дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Гэвч эмэгтэй дуучид тэр бүр тэмцээнд оролцохгүй юм. Таны хувьд өөрөө бэлтгээд уралдаанд оролцъё гэсэн бодол байдаг уу?

-Амжилт гаргаж байгаа дуучдыг харахаар бүгд баритон хоолойтнууд байгаа юм. Э.Амартүвшин, Анхбаяр, Бадрал гээд бүгд баритон хоолойтнууд. Тэгэхээр баритонуудын эрин үе байж магадгүй. Цаашид уран бүтээлчид маань олон уралдаан тэмцээнд амжилттай оролцох байх. Яагаад гэвэл эхлэлийг нь сайхан тавиад өглөө. Гаднын томоохон наадмуудад амжилттай оролцсон эмэгтэй дуучид ер нь ховор байдаг.

-Та дуурийн дуучин мэргэжлээр төгссөн хүн. Тэгэхээр сайхан дуурьд дуулах юмсан гэсэн хүсэл байдаг уу. Эсвэл поп опера чиглэлээрээ дагнах уу?

-Дуурьт дуулах юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Би Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг СУИС-д тавьж байхад гүнжид дуулсан. Дараа нь “Хязгааргүй” моно дуурьт дуулж, “Гэгээн Муза” хүртэж байлаа. Одоо ч гэсэн боддог юм, дуурийн дуучин юм чинь өөрийнхөө хоолойд тохирсон гол дүр бүтээх юмсан гэж. Цаг үе нээлттэй сайхан болсон шүү дээ. Тиймээс боломж олдох байх.

-Анзаараад байхад манай уран бүтээлчид Өвөрмонголд их тоглолт хийдэг болсон байна?

-Тийм тийм. Би бас саяхан Шилийн гол аймагт дуулаад ирсэн. Өвөрмонголчууд Монголд их элэгтэй. Ер нь бол адилхан монгол хүмүүс ш дээ. Хил зааглахад таслагдаад цаана үлдсэн болохоос биш. Тэрийг нь манайхан ойлгодоггүй хужаа энэ тэр гээд л. Их гүрэн таслаад авчихсан, тэрнээс нь гарах боломжгүй юм чинь ёстой л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг санагддаг. Гэхдээ мундаг хөгжилтэй байна. 
Өвөрмонголын нутгуудаар явахаар түүх соёл, өв уламжлал, өвөг дээдсээ хүндлэх асар их соёлтой, мэдлэгтэй. Манайхан бол хэцүү ш дээ. Сүүлийн арваад жил солонгос сериал их гарснаас болсон уу, яасан, их л ууртай, үзэн яддаг, гутаадаг болсон. Яг ил гарч чадахгүй хэрнээ их сонин. Гэхдээ энэ байдал хэсэг хугацааны дараа алга болох байх.

-Тэд тоглолтыг хэрхэн хүлээн авдаг вэ. Үнэлэмж нь хэр байдаг вэ?

-Монгол дуучдыг сайхан хүлээж авна. Төлөх мөнгө нь ч гэсэн маш өндөр байдаг. Урлагийн хүмүүс ч гэсэн амьдрах хэрэгтэй. Өвөрмонголд уран бүтээлээрээ нэр гарна гэдэг бол уран бүтээлч хүний хувьд том шалгуур байдаг. Тэд чинь тэнэг хүмүүс биш шүү дээ.

-Өвөрмонголоор дамжуулан Хятадад нэрд гарах, цаашлаад дэлхийн хөгжмийн зах зээлд гарах зорилготой байдаг байх?

-Уран бүтээлч хүний мөрөөдөл ерөөсөө л дэлхийд гарах байдаг. Тийм хүсэл тэмүүлэлгүй хүн хаана ч байхгүй. Аль нэг аймагт дуулж, бүжиглэж байгаа хүн ч гэсэн ийм гэгээн сайхан мөрөөдөлтэй байгаа.

-Одоогоор ээж охин хоёртойгоо амьдарч байгаа юу?

-Тийм. Би хөдөөгүүр, гадагшаа гээд тоглолтод оролцохоор их явна. Тэр хойгуур ах, эгч нар маань л ээж, охин хоёрыг эргэж тойрно. Бид бүгд амь нэгтэй. Бие  биедээ их тусалдаг.

-Урлагаар мөнгө олж амьдрах хэцүү гэж олон хүн ярьдаг. Тиймээс урлагийнхан хувийн бизнес эрхэлдэг болсон. Та хувийн бизнестэй юү?

-Одоохондоо тэр тухай бодсон зүйл байхгүй. Дөч хүрэхээрээ бодох асуудал байх. Урлагаар насан туршдаа амьдарна гэдэг бол хэцүү ш дээ. Байгууллагаас өгөх цалингаар л амьдарна.

-Гэхдээ тэр цалин нь тун бага?

-Тийм л дээ. Маш бага учраас давхар өөр ажил хийх шаардлагатай болдог.

-Та филармониос хэдэн жилийн өмнө гарсан. Өөр аль нэг урлагийн байгууллагад харьяалагдаж байна уу?

-Чөлөөт уран бүтээлч. Олон тоглолтод уригдаж оролцдог. Ах эгч нарын компани амжилттай ажиллаж байна. Ямар ч байсан хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж байна даа (инээв). Үүндээ ч аз жаргалтай байна. Цаашид байгууллагад харьяалагдаж ажиллана гэж боддог. Хамт олонтой байна гэдэг сайхан шүү дээ. 

Б.БАДАМГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDIINERKH.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна