ОХУ-ын батлан хамгаалахын зардал буурчээ

2016 оны 4 сарын 7

 

Цэрэг, армийн зардлаараа дэлхийд эхний гуравт бичигдэж байсан ОХУ улс энэ удаа жагсаалтын дөрөвдүгээрт орсон талаар Стокгольмийн Олон улсын энхтайвны судалгааны институтээс мэдээлсэн байна.

 

Судалгаагаар төсвийн зардлынхаа 36 хувийг цэрэг, армид зарцуулж буй АНУ энэ жагсаалтад хол тэргүүлжээ.  2015 онд л гэхэд Вашингтон батлан хамгаалахын төсөвөө 2.4 хувиар нэмэгдүүлж, 596 тэрбум ам.долларт хүргэжээ.

 

Хятад улс 2015 онд цэрэг армийн зардлаа өмнөх оныхоос 7.4 хувиар нэмэгдүүлж,  батлан хамгаалах салбарт 215 тэрбум ам.доллар зарцуулснаар дэлхийд хоёрдугаарт бичигдсэн байна.

 

Харин өмнөх онд батлан хамгаалахын зардлаар дэлхийд гуравдугаарт орж байсан ОХУ-ын байрыг Саудын Араб эзэлсэн байна. Саудын Араб батлан хамгаалахын зардлаа 2015 онд өмнөх оныхоос 5.7 хувиар өсгөж, 87.2 тэрбум ам.доллар зарцуулжээ.

 

2015 онд ОХУ батлан хамгаалах салбарт 66.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос харьцангуй доогуур үзүүлэлт бөгөөд тус улсын батлан хамгаалахын зардал буурсныг газрын тосны үнийн уналт болон барууны хоригоос шалтгаалсан эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж болох юм.

 

Дэлхийн хэмжээнд улс орнууд батлан хамгаалах салбарт 2015 онд нийт 1.7 их наяд ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардал 2011 оноос эрс нэмэгдсэнийг судалгааны дүн харуулсан байна.

 

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна