Галууг дагаж хөлөө хөлдөөсөн хэрээний мөрөөр явах уу

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Галууг дагаж хөлөө хөлдөөсөн хэрээний мөрөөр явах уу

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбар нэлээд маргаан дагуулсны эцэст батлагдаж чадахгүй УИХ-ын чуулган завсарласан билээ. Маргаан дагуулсны учир нь хуулийн шинэчилсэн найруулгаар иргэн бүр жилд 21600 төгрөг нийслэлд оршин суусны татвар хэмээн төлөх ёстой болсонд байгаа юм. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг 2009 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн  боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Ажлын хэсгийнхэн өөрсдийгөө хамгаалж хэлсэн үгэндээ “УИХ-аас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд  “Нийслэл хот татвартай байна. Татварыг хуулиар тогтооно” гэж заасан нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг хэрэгжүүлж, татвар бий болгосноор нийслэлийн тулгамдсан асуудал болсон хүн амын хэт төвлөрлийг бууруулж, ажилгүйдэл, утааг багасгана” хэмээсэн.  Гэсэн ч энэ тайлбар нэмэр болсонгүй. Хөдөөний иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Нийслэлийн иргэдийн нуруун дээр нэрмээс болно гэсэн ширүүн зэмлэлтэй  тулгарснаар эргэлзээ дагуулан хойшлогдсон билээ.

НИЙСЛЭЛ ТАВАН ЗЭРЭГЛЭЛИЙН БҮСТЭЙ

Нийслэлийн ИТХ-ын 2005 оны 4/21 дүгээр тогтоолоор нийслэл хотын бүсийг зэрэглэлээр нь тав хувааж байжээ. Хотын “А” зэрэглэлийн бүс буюу нэгдүгээр зэрэглэлд “Амгалан”-аас “Таван шар” хүртэлх орчмын газар ордог. Энэ хүрээнээс гадуурх бүсүүд нь зэрэглэл буурах дарааллаар явсаар нийслэлийн алслагдсан дүүргүүд дөрөвдүгээр бүсэд хамаардаг байна. Харин тавдугаар бүсэд дүүргүүдийн харьяаны алслагдсан тосгод ордог ажээ. Хуулиндаа иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй ч нийслэлд оршин суух төлбөр төлж чадахгүй хүмүүс нь “холуур холуур” гэсэнтэй утга нэг сонсогдох шиг.

НИЙСЛЭЛИЙНХНИЙГ ХӨГЖИНГҮЙ ОРНЫХОНТОЙ ЖИШИЖ БОЛОХ УУ

Оршин суух татвар авах тухай нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөгжингүй орнуудын жишээн дээр тулгуурласан гэж байгаа нь иргэдийн бухимдлыг дэврээхэд хүрсэн. Хөгжингүй орны иргэд оршин суусны татвараа эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдарсныхаа төлөө төлдөг. Тухайлбал, ямар зэрэглэлийн бүсэд амьдарч байгаагаасаа хамааран оршин суугчийн татвар нь өөр, өөр байдаг. Тэд оршин суугчийн татвараас гадна олон татвар төлдөг нь мэдээж. Нийслэлчүүд ч мөн тэдний адил нийслэлд амьдарсныхаа төлөө тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн, хүн амын орлогын, улсын тэмдэгтийн хураамж, газрын албан татвар төлдөг. Харамсалтай нь эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа тул нийслэлд оршин суусны татварыг гадныхан шиг уриалгахан төлөх нь юу л бол доо.

ХУУЛЬ БАТЛАГДААД ЦАЛИН НЭМБЭЛ ОРШИН СУУХ ТАТВАР Ч ӨСНӨ

Тухайн үед хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байхдаа ажлын хэсгийнхэн нийслэлд оршин суух татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр тогтоож байсан. Хэрэв уг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлавал татварын хэмжээ нэмэгдэх нь бололтой. Үүний тайлбар нь 10 дугаар сарын 1-нээс төсвийн байгууллагын ажилчдын цалин, өндөр настны тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авдаг группын мөнгийг  30 хувь нэмэх шийд гарсанд буй. Тиймээс үүнийг дагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянган төгрөг тодорхой хэмжээнд өсч л таараа. Энэ юу гэсэн үг вэ. Анх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувь гэж заасан нийслэлд оршин суух албан татварын хэмжээ дагаад өснө.
 

ХОТОО АВРАХЫН ТУЛД ХӨДӨӨГИЙНХНИЙГ ГАЦААНА

Нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна хэмээн тэднийг ацан шалаанд оруулж буй дээрх хууль батлуулахаар зүтгэхийн оронд  хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлээд эхэлбэл хэн ч  “Унасан газар угаасан ус”-аа орхиод ядуу нэр зүүхийн тулд нийслэлд шилжин ирэхгүй л байх байсан. Хэрэв орон нутгийн хөгжил энэ янзаараа ажлын байргүй, дэд бүтэцгүй хэвээр байхад дээрх хууль батлагдвал нийслэлийнхний төдийгүй орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарах нь лавтай. Учир нь нутагтаа амьдрах аргагүй болоод нийслэл рүү дүрвэдэг байсан хөдөөнийхөн шилжин ирэхдээ төлөх татварын мөнгөгүйгээс өртэй хүмүүсийн тоог нэмэх вий.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж