Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр

2016 оны 4 сарын 7

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өнгөрсөн жилийн хувьд “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн доор зохион байгуулагдаж байсан бол энэ жил “Чихрийн шижинтэй тэмцэх” сэдвийн хүрээнд дэлхий даяараа тэмдэглэн өнгөрөөж байна.

2008 оны байдлаар, дэлхий дээр нийт 347 сая гаруй хүн чихрийн шижин хэмээх чимээгүй тахлаар  оношлогдсон бөгөөд бага болон дундаж орлоготой улс орнуудад энэхүү өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа юм.

2012 онд зөвхөн энэ өвчнөөс болж 1,5 сая хүн хорвоог орхисон бөгөөд 2030 оны байдлаар чихрийн шижин нь дэлхий дээр үхлийн харанга дэлдэж буй өвчнүүдийн долоодугаарт жагсана гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Чихрийн шижин бол нойр булчирхайнаас ялгардаг инсулин хэмээх цусан дахь сахрын хэмжээг задалж байдаг дааврын ялгарал хангалтгүй байх аль эсвэл бие махбодь ялгаруулсан инсулинээ зохих ёсоор ашиглаж чадахгүй байгаагаас үүдэлтэй цусан дахь сахрын хэмжээ ихсэх архаг өвчин юм.

Манай оронд 1950 оны үед огт бүртгэгдээгүй байсан энэ өвчин хотжилтын даган тархаж эхэлжээ.  2005 болон 2009 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд, манай орны хувьд нийт хүн амын 60,000-80,000 нь чихрийн шижинтэй байх магадлалтай бөгөөд тэдгээрийн 10% нь буюу 7000 орчим нь эмчийг хяналтад байдаг байна. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний ачаар энэхүү өвчнөөс хүн ам урьдчилан сэргийлэх болоод өвчнийхөө явцыг удаашруулах бүрэн боломжтой юм. Нэмж хэлэхэд, хүний бэлхүүсний тойрог хэвийн хэмжээнээс хэт их байх нь энэхүү өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөр байгаагийн шинж болдог байна.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна