Г.Уянга, Л.Цог нар бүлгээс гарлаа

2016 оны 4 сарын 7

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарах саналыг өнгөрсөн сард бүлэгтээ хүргүүлсэн байсан. Эл саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-д өргөн мэдүүлснийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга уншиж сонсгон, нэр бүхий гишүүдийг тус бүлгээс хассаныг албан ёсоор мэдэгдлээ.

Тэд Шударга ёс эвслийн бүлгээс гарах болсон үндэслэлээ “Шударга ёс эвслийн бүлэг нь шударга үнэний төлөө явж чадахгүй албан тушаалд илүү ач холбогдол өгч буй учраас барьж буй бодлоготой нь санал нийлэхгүй байна” хэмээн тайлбарласан юм.

Шударга ёс эвслийн бүлгээс нэр бүхий хоёр гишүүн гарснаар тус бүлэг одоо найман гишүүнтэй үлдлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 91.9 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Энэ нь Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар “Тусгай хамгаалалтад авахаар хууль санаачилсныг буруутгахгүй. Гол нь Хууль, шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хуулийг зөрчсөн тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг нь бодох учиртай. УИХ-ын гишүүн хууль санаачлаад Засгийн газраас санал авахаар хүргүүлдэг. Түүнийг нь яам бүр судалж үзээд саналаа өгч, Засгийн газрын хуралдаанаас нэгдсэн санал гардаг. Гэтэл энэхүү тогтоолын төсөлд Засгийн газар санал өгөөгүй байгаа. Цаашдаа хуульд нийцэхгүй юмыг анхаарах шаардлага байна. Ингэхгүй бол Хан ресурсын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаар 70 сая ам.долларын нөхөн төлбөрт унасан. Нэгэнтээ төр нь өгчихсөн тусгай зөвшөөрлийг буцаагаад цуцласан тохиолдолд Олон улсын арбитрийн шүүхэд очиход ялагддаг. Иймээс энэ асуудлыг ч анхаарах ёстой” гэж байсан юм.

Үүний дараа Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.8 хувийн саналаар дэмжин баталлаа.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна