Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав

2016 оны 4 сарын 7

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.07.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 48 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр болон маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг уншиж танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналтай гишүүд гараагүй тул хэлэлцэх асуудлыг дарааллыг батлав.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж нар танилцуулав.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг товлон зарлуулах саналаа Улсын Их Хуралд уламжилжээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс товлон зарлахаар тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг батлахыг санал нэгтэй дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж хариулт авлаа. Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 87 хувийн саналаар дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Үүний дараа “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцууллаа.

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын талаарх санал, холбогдох тооцоог боловсруулан Улсын Их Хуралд ирүүлжээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоохоор тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, сонгуулийн зардал жилээс жилд нэмэгдэж байгаа шалтгаан болон сонгуульд хичнээн хүн оролцох, гарах зардлын талаар тодруулсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өгсөн тайлбартаа, “ зардал өмнөх дөрвөн жилийн сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр багасч байгаа. 2012 оныг 2016 онтой харьцуулахад санал авах сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгдэж байгаа. 2012 онд 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэгтэй болж байгаа тул энэ хэмжээгээр зардал нэмэгдэж байна. Мөн сонгуулийн хороодод ажиллах хүний тоо урьдчилсан тооцоогоор 5000 гаруйгаар нэмэгдэж байгаа. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгууль аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдах учир саналын хуудасны зардал нэмэгдэнэ” гэв. Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд, энэ жил Улсын Их Хурлын сонгууль болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдана. Иймд нийт хичнээн зардал гарах тооцоо байгаа талаар тодруулав. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариултдаа, 2012 оны Улсын Их Хурлын сонгуультай нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдсан. Тэр үед Улсын Их Хурлын сонгуульд 16,8 тэрбум төгрөг зарцуулсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуульд 464 сая төгрөг, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдэж байгаа гэж үзвэл түрүүчийн Улсын Их Хурал болоод нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэг тэрбум орчим төгрөгөөр бага зардлаар хийх гэж байгаа. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нийт зардал 5.2 тэрбум төгрөг байсан байна. Үүний хагас нь гэж үзвэл 2.5 тэрбум төгрөг болно гэдгийг хэллээ. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 87,7 хувийн саналаар дэмжиж, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар тус тус танилцуулав.

Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлагатай болсноор тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтооолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар танилцуулав.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” /1998/, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд” /2008/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа хийж, үндэслэлийг боловсруулсан байна. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Д.Батцогт нар асуулт асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлж үг хэллээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.9 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав

Органик хүнсний тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75.8 хувийн саналаар дэмжсэнээр Органик хүнсний тухай хууль батлагдлаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” -ийн бүлгээс “Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсанаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн тул УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан болохыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т заасны дагуу үүгээр мэдэгдэж байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нараас бүлэгтээ ирүүлсэн албан бичгийг хавсаргав. Бүлгийн дарга Н.Батцэрэг” гэсэн албан бичиг ирүүлснийг уншиж сонсгов. Энэхүү албан бичгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор эдгээр гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсныг хуралдаан даргалагч мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна