“Сири, Иракийн түүхийн дурсгалыг зарж мөнгө олдог”

2016 оны 4 сарын 7

 

Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг хяналтандаа авсан “Исламын улс” бүлэглэл нефтийн наймаанаас гадна түүх, соёлын үнэт өвүүдийг хар зах дээр худалдаж мөнгө олдог гэнэ. Исламын дайчид Сири, Иракаас “дээрэмдсэн” эртний эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлсийг худалдсанаар 150-200 сая ам.долларыг олсон аж. “Сири, Иракийн газар нутаг дахь археологийн 4500 газраас олдсон 100 мянга орчим түүх, соёлын өвийг исламын зэвсэгт дайчид хар зах зээл худалдсан. Үүнд дэлхийн өвийг хамгаалах “UNESCO” байгууллагад бүртгэгдсэн дэлхийн өвийн есөн дурсгалт газар багтаж байна” хэмээн Виталий Чуркин Аюулгүйн зөвлөлд илгээсэн захидалд дурджээ.

 

“Исламын улс” бүлэглэлд түүх , соёлын дурсгалт эртний эдлэлийг худалдах тусгай бүлэг ажилдаг аж. Тус бүлэг эртний эдлэлийн гарал үүслийг тодорхойлох хуурамч бичиг баримт бүрдүүлэн Сири, Иракийн эртний эдлэлийг Туркийн Измир, Мерсин, Анталя хотод авчирч гуравдагч этгээд эсвэл интернэт худалдааны тусламжтайгаар зардаг гэнэ. “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн аравдугаар сард эртний хотын туурь Пальмираг эзэлж, дэлхийн өвд бүртгэгдсэн олон балгасыг устгасан юм.

 

Түүнчлэн Турк исламын зэвсэгт дайчдаас нефть худалдан авахаа зогсоогоогүй бөгөөд эртний эдлэлийг тус улсын газар нутгаар дамжин худалдаалагддаг хэмээн Виталий Чуркин мэдэгджээ. Туркийн арми өнгөрсөн арваннэгдүгээр сард Сирийн хилд Оросын онгоцыг сөнөөсний дараа Москва Анкараг “Исламын улс”-аас нефть худалдан авч санхүүжүүлдэг хэмээн буруутгасан юм.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна