Ерөнхий сайд “Азийн хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт”-д илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд “Азийн хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт”-д илтгэл тавилаа

“Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын ес дэх удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавилаа. Монгол Улс бизнест эргэн ирсэн гэдгийг тодотголоо. 2015 он Монгол Улсын эдийн засгийн хувьд хүнд жил байсан. Гэсэн ч Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засагтаа тодорхой ахиж дэвшил гаргалаа гэж Ерөнхий сайд хэлээд эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалтыг татахаар хийж буй ажлууд, улс төрийн тогтвортой нөхцөл байдал, Засгийн газрын талаар сэдвийг онцлон ярилаа.

Ази-Европын дээд түвшний XI уулзалт энэ оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах бөгөөд 53 улс орны удирдагчид оролцоно. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар хоёр тивийн харилцаанд Монгол Улс чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. Түүхийн хувьд ч Монгол Улс Ази, Европыг холбосон гүүр болж байсан. Одоо ч бид төмөр зам, агаарын замаар хоёр тивийг холбож байна. АСЕМ-ын уулзалтын үр дүнд Ази, Европын хамтын ажиллагаа улам бэхжинэ гэж Ерөнхий сайд хэллээ. 

Илтгэлийн дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Тус арга хэмжээ нь Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтын нэг бөгөөд энэ үеэр Засгийн газрын санхүүжилтийн талаар голчлон ярилцаж байна. 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Credit Suisse” банкны удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. Уулзалтад “Хөгжиж буй зах зээл” санхүүгийн группийн захирал Саураб Банглани, дэд захирал Али Алам, Монгол Улстай хамтран ажиллах үйл ажиллагаанд оролцож байсан “Кридет свисс” банкны багийн гишүүд болох Нэйл Харвэй, Паул Трегидо, Дерек Армстронг, Монголын талаас Монгол банкны ерөнхийлөгч Х.Золжаргал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргаан онцгой бүс Хонкогт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргал, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцсон юм. 

Монгол Улсын Хөгжлийн банк “Credit Suisse” банктай 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. “Credit Suisse”  банк 300 сая ам.долларын  хамтарсан зээлийн хөтөлбөрийн тэргүүн зохицуулагчаар ажиллаж, хөрөнгө босгож, импортыг орлох, экспортыг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газар “Credit Suisse” банктай хамтарч богино хугацаанд бонд гаргах, хамтарсан зээлийн хэлбэрээр нийт 750 сая ам.доллар босгож чадсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцан ашигтай, хамтын ажиллагааны талаар “Credit Suisse” банкны удирдах ажилтнуудтай санал солилцлоо.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Блумберг” телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж