Хог хаягдлыг автомат ачих төхөөрөмжөөр тоноглогдсон машинаар ачиж эхэллээ

2016 оны 4 сарын 7

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 118 хог тээврийн автомашинд автомат ачих төхөөрөмж суурилуулж эхлээд байна. Уг ачих төхөөрөмжид зориулагдсан 450 литрийн багтаамжтай 1650 ширхэг метал хогийн савыг өдөр тутам хог хаягдал үүсдэг орон сууц, гэр хорооллын дундах гудамж талбайд байршуулахаар төлөвлөжээ. Одоогоор ерөнхий боловсролын 119 сургууль, 176 цэцэрлэг, нийслэл, дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын гадна талбайд байршуулж эхэлсэн бөгөөд дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хогийн савыг хуваарилж, тараах ажлыг хийж байгаа юм байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамтран 4 дүгээр сардаа багтаан энэхүү ажлыг жигдрүүлэхээр ажиллаж байна. Хог хаягдлыг зориулалтын ачих төхөөрөмжөөр ачдаг болсноор ил задгай хог хаягдал багасч, ачилтын хугацааг хэмнэх давуу талтай. Өндөр хөгжилтэй улс орнууд салхиар ил задгай хог хаягдал тарж хийсэхээс хамгаалж богино хугацаанд ачих төхөөрөмжийг сонгодог аж. Цаашид  аж ахуйн нэгж, байгууллагуудыг хогоо хийх зориулалтын хогийн савтай болох шаардлагыг тавина. Ингэснээр байгууллагуудын гадна орчин цэвэр цэмцгэр болж, хог хаягдлаа богино хугацаанд түргэн шуурхай ачуулах боломж бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна