И.Ологонова: Олимпийн наадмын эрх авчихбал үсээ тайруулна

2016 оны 4 сарын 7

И.Ологонова: Олимпийн наадмын эрх авчихбал үсээ тайруулж богиносгоод барилдана даа.

Саяхан Латви улсын Рига хотод болж өнгөрсөн европийн аварга шалгаруулах тэмцээнээс оросын эмэгтэй бөхчүүдээс ганцаараа алтан медаль хүртсэний дараа нь ОХУ-ын болон Буриад улсын Гавьяат тамирчин Ирина Ологоноватай хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна.

-Европийн аварга болсонд баяр хүргэе.

- Баярлалаа, би өмнө нь 2014 онд хүрэл медаль авч байсан болохоор, энэ жил аварга болох зорилготой ирсэн. Миний жингийн барилдаан тэмцээний сүүлийн өдөр болж манай баг алтан медальгүй болчих гээд сэтгэл зүйн их дарамт байсан.

- Барилдааны хувьд...

-Би Европийн аварга болсон ч шувтаргын барилдаан тийм сайн болоогүй, би хөлдөө олон удаа алдсан, тэр алдаа одоо хүртэл толгойноос гарахгүй байна. Гэхдээ шагналын тавцанд зогсоод төрийн дууллаа сонсож байхдаа “Нэгэнт л аварга болсон юм чинь, хөлдөө л алдаад л биз, тэр хамаагүй.” гэсэн бодол толгойд орж ирж байсан. Манай шигшээ багийн дасгалжуулагч Юрий Шахмурадов гуай биднийг хүрэл медаль авчихаад баярлаад байна гэж загнадаг л даа. Би ДАШТ-ний хошой мөнгөн медальт бөх, дэлхийн хамгийн том тэмцээнд хоёр удаа аман хүзүүднэ гэдэг том амжилт, нэр хүндтэй шагнал, гэхдээ алтан медаль гэдэг түүнтэй зүйрлэх аргагүй сайхан юм байна лээ гэдгийг европийн аварга болсон агшинд мэдэрсэн.

-2014 онд Танд дэлхийн аварга болох бүрэн боломж байсан даа...

-2014 онд Ташкент хотод ДАШТ-нд шувтаргын барилдаанд японы бөх Чихо Хамадаг 1 онооны илүүгээр хожиж яваад барилдааны хугацаа дуусахад 30 секунд дутуу байхад хөлд нь орох гэж зүтгээд сөрөг мэхэнд нь орж 2 оноо алдаж дэлхийн аварга болох бүрэн боломжоо алдсандаа одоо ч харамсаж байдаг. Тэр үед Ю.Шахмурадов багш маань “Одоо зугтаа!” гэж хашгирч байхад нь би хөлдөө алдана гэж болгоомжлоод сөрж хөлд нь орох гээд буруутсан. Өнгөрсөн жил шувтаргын барилдаанд АНУ-ын бөх Луиза Марулистай барилдахаар дэвжээнд гарахдаа тухайн байдалд зохицож барилдана гэж бодсон, гэтэл дэвжээн дээр гараад сандарч алдаа гаргаж оноо алдаад дараа нь дахиад хэд хэдэн алдаа гаргаж олон оноо алдаа гаргаж ялагдсан. Өрсөлдөгч маань 6 минутын турш дайралт хийсэн, нүд нь гялалзаад л аймаар байсан. Сая европийн аварга шалгаруулах тэмцээнд шувтаргын барилдаанд украиний бөх Татьяна Киттэй барилдахад эхлээд их хэцүү байсан, барилдааны явцад би учраа олж лавтай ялсан.

-Яаж яваад чөлөөт бөхийн тамирчин болсон бэ?

-1990 онд Буриад улсад төрсөн, Манай Баянгол тосгонд би 14 настайдаа чөлөөт бөхийн спортод санамсаргүй хөл тавьсан. Манай ангийн найз охин чөлөөт бөхийн спортоор хичээллэх гээд дугуйланд ганцаараа очих гэхээс ичиж намайг хань татаж явсан. Найз охин маань гимнастикийн дугуйланд явдаг, их спортлог сурагч байсан л даа. Найз маань удалгүй буцаад гимнастик руугаа орсон, харин би үлдэж одоо хүртэл барилдсаар явна даа. Тэгээд ч миний 5 төрсөн ах маань чөлөөт бөхийн дугуйланд явдаг байсан нь надад бас нөлөөлсөн. Би өмнө нь тосгоныхоо Соёлын ордонд жүжигт тоглодог, Буриад улсын сайн дурынхны тэмцээнд эмэгтэй шилдэг дүрийн шагнал авч байсан даа.

-Ах нар чинь барилдаж байгаа юу?

- Больсон, хоёр нь спортын мастер цолонд хүрсэн. Есөн жилийн өмнө ээж маань нас барсан. Аав маань тэтгэвэрт, насаараа барилгачин байсан. Ээж маань ертөнцийн хамгийн сайхан эмэгтэй байсан. Ээж өөд болсны дараа би айлын отгон охины хувьд 7 гишүүнтэй өнөр өтгөн айл гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж эхлэсэн дээ, өдөр бүр хоол хийнэ, цэвэрлэгээ хийнэ, хувцас хунар угаана. Хоёр ах маань эхнэр авч тусдаа гараад миний ачаалал бага зэрэг буурсан. Намайг бэлтгэл сургуулилт хийгээд тэмцээнд орчихоод гэртээ ирэхэд аав, ах нар маань бөөн баяр болдог. Намайг гэрийн эзэгтэйн ажлыг хийдэг болохоор ч юм уу, ах нар маань миний хэлсэн үгийг их авдаг.

-Ямар нэгэн мэргэжил эзэмшсэн үү?

-Би дунд сургуулийн дараа Хөдөө аж ахуйн техникумд орж төгсөөд дараа нь Хөдөө аж ахуйн академи дүүргэсэн, одоо аспирантурт эчнээгээр эрдэмтэн болохоор суралцаж диссертаци бичиж байгаа. Гэхдээ бэлтгэл сургуулилт гээд зав их тааруу байна.

-Олимпийн наадамд оролцох мөрөөдөл бий юу?

-Би уг нь олимпийн бус 55 кг-ын бөх л дээ, тэгээд дасгалжуулагч нартайгаа ярилцаад жингээ хасаж олимпийн жинд, 53 кг-ын жинд барилдахаар шийдсэн, 58 кг гэхээр миний жин арай хүрэхгүй л дээ. Илүү жинтэй, илүү бяртай бүсгүйчүүдтэй барилдахад амжилт гаргана гэдэг хэцүү л дээ. Удахгүй Серби улсад болох Европийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Та яагаад урт үстэй барилддаг юм бэ?

-Би төрөлхийн урт үстэй, манай дасгалжуулагч нар намайг үсээ тайруул, барилдахад чинь эвгүй шүү дээ гэж байнга ятгадаг. Би дэвжээнд гарахдаа үсээ чанга боочихоод гардаг, ямар ч асуудал гардаггүй. 2011 онд үндэсний аварга шалгаруулах тэмцээний өмнө дасгалжуулагч маань үсээ тайруулж богиносгочихвол аварга болно гэж ятгаад, би үсээ богиносгоод барилдаад аварга болж байсан. Дараа нь 2014, 2015 онуудад УАШТ-нд орохдоо дандаа үсээ тайруулж богиносгоод орж барилдаад алтан медаль хүртэж байсан даа.

-Олимпийн эрх авчихбал үсээ богиносгох уу?

-Тэгнэ, гэхдээ эхлээд олимпийн эрх авах ёстой. Олимпийн наадмын эрх авчихбал үсээ тайруулж богиносгоод барилдана даа.

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна