Органик хүнсний тухай хууль батлагдлаа

2016 оны 4 сарын 7

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75,8 хувийн саналаар дэмжсэнээр батлагдлаа. Энэ хуулиар  органик  хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал  амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлсон.

Органик хүнсний тухай хуулиар зохицуулсан зарчмын гол асуудлуудыг дурдвал:

  1. Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол улсад органикт тооцохоор хуульчлав.

  2. Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, монгол болон гадаад хэлээр бичигдсэн “органик”, “байгалийн цэвэр” “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үгийг хэрэглэх болон  хэрэглэж, сурталчилахыг хориглосон нөхцөл, шаардлагыг тодорхойлж, хуульчлав.

  3. Органик үйлдвэрлэлд хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр бодис хэрэглэх, айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг, эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, өсөлтийн даавар ашиглах, цацрагийн боловсруулалт хийхийг хориглов.

  4. Органик үйлдвэрлэл болон органик хүнс, тэжээл, бордоог а) Монгол улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, б) Монгол улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулж, энэ талаар холбогдох байгуулллагад мэдээлэхээр үүрэгжүүлэв. Мөн баталгаажуулалтын байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг хуульчилж өгөв. Органик үйлдвэрлэлийн болон органик хүнсний баталгаажуулалтад аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцах тул улсын төсөвт ачаалал үүсэхгүй.

  5. Органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн органик хүнс, мал  амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацыг үйлдвэрлэх, баталгаажуулах, худалдах, импортлох, хяналт тавих үндсэн зохицуулалтыг тусгав.

  6. Малчин, тариаланч зэрэг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь органик үйлдвэрлэлийн үндсэн зарчимд нийцүүлэн органик үйлдвэрлэлд хэрхэн шилжих, органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах үндсэн шаардлага, эрх үүргийг тодорхойлж өгөв.

  7. Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх болон хүнс үйлдвэрлэхэд тавигдах шаардлага, хэрэглэх бодис, органик орц найрлагыг тооцох, хамтын баталгаажуулалтын талаарх журам, жагсаалт,  аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх эрхийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор зохицуулав.

  8. Баталгаажуулалтын байгууллага, органик үйлдвэрлэлд бүрэн болон хэсэгчлэн шилжсэн, шилжиж чадаагүй үйлдвэрлэл эрхлэгч,  баталгаажуулалт нь хүчингүй болсон үйлдвэрлэл эрхлэгч,  экспорт болон импортын органик хүнс, органик хүнсийг экспортлох болон импортлох үеийн хяналт, шалгалтын талаарх мэдээллийг харилцан солилцох, мэдэгдэх, бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх байгууллагыг тодорхойлж, үүрэгжүүлэв.

Харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон манай улсын хувьд олон улсын жишгийн дагуу органик хүнсийг үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хэрэглэгчийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх боломжийг бүрдүүлэх, хүнсний тэжээллэг чанар дээшилж, улмаар хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бэлтгэгдэх,  ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна