Сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэнэ

2016 оны 4 сарын 7

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форум өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ. Форумын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар оролцож үг хэллээ.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форумаар, Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлүүд, Бие даасан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих, Сүлжээнд холбогдон ажиллах эх үүсвэрүүдэд үүсч буй техникийн болон санхүүгийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжууд, Хязгаарлагдмал хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх технологийн шийдлүүд гэх мэт асуудлыг хэлэлцэх юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны гол хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг олон нийтээр хэлэлцэн, цаашид ажил хэрэг болгохыг зорилго болгодог.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдлээ. Тодруулбал, 2015 оны Зургадугаар сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилтыг баталсан. Мөн тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон.
Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан, мөн Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-уудын үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлтүүд орсон. Энэ нь сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний төсөл хөгжүүлэхэд гол оролцогч талууд тул төсөл хөгжүүлэгчдийн хувьд чухал өөрчлөлт юм.

Мөн 2015 оны есдүгээр сарын 14-ны өдөр өргөн мэдүүлсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар” -аас чөлөөлөх хуулийн төслүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан.
Ингэснээр 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд, дагалдах болон сэлбэг хэрэгслүүдийг импортын татвараас бүрэн чөлөөлөгдөхөөр болсон билээ.

Ийнхүү хууль, эрх зүйн томоохон өөрчлөлт бий болсноор сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдлээ.

2015 оны эцсийн байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл” эзэмшигч 10 орчим компани, нийт хүчин чадлаараа 600 МВт орчим чадалтай нар, салхины төсөл хэрэгжүүлэхтөлөвлөж байгаа ба үүнээс 1 – 2 салхины эрчим хүчний төслүүд, 10 МВт хүчин чадалтай нарны төсөл 2016 онд хэрэгжих эхлэх төлөвтэй байна.

Энэхүү нөхцөл байдлаас харвал Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилтод тусгасан “Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” зорилтыг хангахад ойр ирээд байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна