МАН тариаланчдад бэлэн мөнгө өгөхийг дэмжив үү?

2016 оны 4 сарын 7

Өнгөрсөн сард газар тариалан эрхлэгчид мэдээлэл хийж, 100 тэрбумийн хөнгөлөлттэй зээл олгохыг Засгийн газраас шаардсан бөгөөд уг мөнгийг арилжааны банкаар дамжуулалгүй гар дээрээ бэлнээр авах болзол тулгасан. Харин ХХААЯ-наас эхний ээлжилд Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийн санхүүжилт авч түүнийгээ арилжааны банкаар дамжуулан олгох шаардлага тавиад буй.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдэхийг шаардсан дөрвөн зүйл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна.

Уг шаардлагад тариаланчдад олгохоор шийдвэрлэсэн 100 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэлгүйгээр хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай өгөх, улс орны буудай, гурилын хэрэгцээг тариаланчидтай хамтран дахин нарийвчлан тооцож, шаардлагатай бол импортын гурил, улаанбуудайны зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ зөвшөөрлийн дагуу хилээр орж ирсэн гурил, улаанбуудайн тоо хэмжээ, оруулж ирсэн компаниудын талаарх мэдээллийг МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардсан байна.

Мөн хаврын тариалалт эхлэхийн өмнө тариаланчдыг шатахуун, үрийн буудайгаар хангах ажлыг яаралтай зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах бэлтгэлийг эртнээс хангаж, хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэхийг онцлон дурджээ.

Мөн 300 гаруй мянган хүн ажилладаг газар тариалангийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариуг энэ сарын 10-ны дотор МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардсан байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна