Д.Дорлигжав: Хууль бусаар чагнавал нотлох баримт болохгүй

2016 оны 4 сарын 8

Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан нам байгуулагдсаны 26 жилийн ой өнөөдөр /өчигдөр/ тохиож байна. Гэвч дотооддоо зөрчилтэй, тэмцэлтэй нэг л биш. Гадна талаасаа ийм л байдалтай харагдах болов. Дотор нь байгаа танд яаж харагдах юм?

-Тийм ээ, 26 жилийн өмнө Ардчилсан нам байгуулагдаж, Их хурлаа хийж Э.Бат-Үүл намын дарга нь болж, би дэд даргаар сонгогдож байсан өдөр.  Цэл залуухан байж, Монголд нэгээс илүү нам /коммунист нам/ байж болдоггүй тэр цаг үеийг таслан зогсоож, анхны олон нам үүсэх үндэс суурийг тавьсан, түүхэн эргэлтийн өдөр. Тийм учраас Ардчилсан намыг үүсгэн байгуулсан журмын нөхдөдөө, мөн нийт гишүүддээ баярын мэнд хүргэе.

Ардчилсан намын дотоод амьдрал ямар байна гэж асуулаа. Дан ганц Ардчилсан намд асуудал байгаа юм биш Монголын бүх намд зөрчил байна. Монголчуудын байгаа байдал энэ биз. Гэхдээ гадаадад ажиллах үеэрээ бусад улс орныг харж л явна. Бид л зөвхөн болохоо байчихсан улс юм уу гэхээр бусад орны намууд ч дотроо мэтгэлцэх, сөргөлдөх янз бүрийн л юм байна. Гэлээ гэхдээ намынхаа одоогийн байдлыг би зөвтгөхгүй, шүүмжлэлтэй ханддаг. Цаад урхаг нь фракцаас үүдэлтэй юм гэдгийг хэлж байгаа. Хэн нэгэн хүн, аливаа нэг эрх ашгийг тойрсон бүлэглэл үүсгэж түүнийгээ жигүүр, фракц гэж нэрлэдэг. Монголын улс төрийн амьдралд байгаа муу зүйл энэ. Тийм учраас би фракцаас татгалзъя, бүлэглэж талцаж жижиг эрх ашгийн үүднээс том эрх ашиг хохироодог, ажил удаашруулдаг юмаа болъё гэж нийт намууд, улстөрчдөд уриалаад байгаа.

-Одоогоос жилийн өмнө Ардчилсан намын дарга фракцгүй болох санаачилга гаргасан ч эсрэгээрээ фракцын тоо нэмэгдээд байна?

-Ардчилсан намын дарга бодлогоо тэгж тодорхойлсон, зорилго тэр байсан. Бодитой болгохын тулд хуульч хүний хувьд фракцыг дүрмээрээ хориглочихъё. Фракцаар асуудал шийддэг биш бодлогод зангидаж шийддэг болъё. Ингэхийн тулд дэлхийн улс орнуудын улс төрийн нам бодлогоо яаж тодорхойлж, томьёолж байна, дэвшилтэт тэр хэсгийг нь авъя. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжилтэй холбоотой асуудлыг хэдэн улстөрч би мэддэг гэхээсээ илүү тодорхой судалгааны том байгууллагад захиалга өгч судлуулдаг, гарсан үр дүнг нь Бодлогын зөвлөлийнхөө хүрээнд хэлэлцээд, нэгдүгээр хувилбараар шийдвэрээ гаргах уу, гуравдугаар хувилбараар шийдвэрээ гаргах уу гэдэг дээр маргадаг зарчмын томоохон өөрчлөлтийг хийе гэж уриалж байна. Ямар нэг тооцоо судалгаа, гаргалгаа байхгүй, хэдүүлээ сууж, хоорондоо тохироод гаргаж байгаа бол бодлого биш. Хоёр гурван хүн хоорондоо хувийн асуудлаа тэгж шийдэж болно, төрийн бодлогын асуудлыг тэгж шийдэж болохгүй. Энэний цаана улс орны эрх ашиг, ард түмний эрх ашиг байдаг юм шүү дээ. Тийм учраас Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах дүрмийн төслийг бэлэн болгочихсон, удахгүй намын даргад өргөн барина. Намын бүх байгууллагаар хэлэлцүүлээд УИХ-ын сонгуулийн өмнө болох хурлаар баталгаажуулаад дүрэмдээ өөрчлөлт оруулчихъя гэсэн бодолтой байна.

Нөгөө талаас бүх нам тоглоомын ижил дүрэмтэй байх ёстой. Тэр үүднээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, яамдаас санал авч байна. Хууль болгуулах санаатай.

-Ардчилсан нам 5-6 намын нэгдлээр бүрдсэн. Энэ утгаараа фракц байх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс цөөнгүй бий?

-Түүх ярих юм бол 10-аад нам нэгдсэн юм, 1992 оноос хойш. Олон янзын намд харьяалагдаж байсан гишүүд нэгэндээ ойр дотно байх гэдэг утгаараа, ярих хөөрөх гэдэг утгаар нь үгүйсгэхгүй. Тийм ч байх ёстой. Гэхдээ ямар ч намын угшилгүйгээр, ингэж давуу тал олж болдог юм байна гэдэг үүднээс цоо шинээр фракцууд үүсэж эхэлж байна. Энэ маш буруу. Буруу жишгийг таслан зогсоохын тулд дүрмээр зохицуулахыг оролдож байна.

-Улстөрчид их шуналтай болсон. Эрх мэдэлтэй болох тэдний хүслийг дүрмээр, журмаар, хуулиар зохицуулах боломжгүй болсон тухай олон нийт шүүмжлэх болсон. Жишээ нь, намуудыг бодлоготой болгох таны санаачилга анхных биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуульд энэ санаа цогцоороо суусан байсан ч УИХ өнгөрсөн өвөл уг төслийг дэмжих боломжгүй гэж үзээд буцаасан. Тэгэхээр улстөрчийн ёс зүй, эр зоригоос хамаарч фракцаас татгалзах эсэх нь шийдэгдэх юм шиг?

-Дүрмийн өөрчлөлтөө эхлээд намын гишүүдээрээ хэлэлцүүлье. Нийт намын байгууллын хүмүүсээр хэлэлцүүлье гэдэг нь нийт гишүүдийн үзэл санааг тээж авчирч тэрний үндсэн дээр шийдвэрээ гаргая л гэж байгаа юм.

Бодит байдлаа УИХ-ын гишүүд тунгааж Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт хийгээд болохгүй зүйлээ цэгцлээд явах улс төрийн зориг байна уу харъя.

-Фракцгүй болох санаачилгыг гишүүд хэр дэмжиж байна вэ?

-Буруу, зөрүүг олж хараад, улс оронд хэрэгтэй юм гэж асуудалд хандаж байгаа нь дэмжинэ ээ.

-Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор дагалдах том хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэж байна. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд гэх мэтчлэн. Эдгээр хуулиуд батлагдсан цагт хүний эрх хангагдана л гэж яриад байна. Нөгөө талдаа одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн заалтууд зөөлөрнө гэх. Зарчмын ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?

-Үндсээрээ шинэчлэгдэж байгаа хууль, нийтдээ 400 гаруй зүйлтэй. Мөрдөн байцаагч өөрөө шууд мэдээд хүнийг хорьдог, эсвэл сэжигтэн гэж дуудаад, хэдэн арван цагаар суулгадаг. Ир, оч гээд явуулаад байдаг. Эсвэл барьж аваад хорьчихдог.  Энэ бүхэн шинэ хуулиар байхгүй болно гэж ойлгож болно.

Тодорхой хэрэг гарсан байхад мөрдөн байцаагч шалгаад, нотлох баримт цуглуулаад яваад байна. Буруутгаж шалгах хангалттай нотолгоотой болсон гэсэн үедээ прокурорт материалаа танилцуулаад прокурор зөвшөөрвөл тэр хүнийг дуудна. Дуудах эрх тэнд үүснэ. Тэгээд дуудаад байцаалт явуулаад нотлох баримтаа гаргаж ирээд хорьж шалгах уу, яах вэ гэдгээ прокурорын болон шүүхийн зөвшөөрлөөр шийднэ. Тэгэхээр маш том зарчмын ялгаа гарч ирж байгаа. Ялангуяа мөрдөгчөөс асар их ур чадвар, ажиллагаа шаардана. Тодорхой хэргийг илрүүлэхийн тулд хүмүүстэй уулзана, нотлох баримт цуглуулна, явна. Нөгөө талаас хэргийг богино хугацаанд шуурхай шийдэх Процессын хуулийг хийж өгч байгаа. Нэгэнт л хүний гэм буруу нь тогтоогдсон бол шүүн таслах ажиллагааг шуурхай болгох, хялбаршуулах нь зөв. Хөнгөн хэргийг илүү шуурхай шийдэх гэх мэт боломжуудыг хуулиар нээж өгч байгаа. Хуучин жижиг хэрэг ч, том хэрэг ч бүгд нэг зохицуулалттай маш түвэгтэй байсан. Энэ бүхэн Процессын хуулиар нарийн зохицуулагдана. 

Хүмүүсийг тагнадаг, чагнадаг гээд бөөн яриа хөөрөө болдог байсан. Тагнуулын байгууллагын энэ ажиллагаа, цагдаагийн байгууллагын энэ ажиллагаа нэг хуулиар буюу Гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулагддаг байсан бол өөрчлөгдөнө.

Тагнуул, цагдаагийн байгууллага нь чиг үүргийн хувьд өөр. Тагнуулын байгууллагын үндсэн гол зорилго мэдээлэл, материал цуглуулж дүн шинжилгээ хийн төрийн дээд удирдлагыг мэдээллээр хангаж, шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Цагдаагийн байгууллага бол тодорхой гарсан хэргийг шалгаж илрүүлдэг байгууллага. Тодорхой гэмт хэргийг илрүүлэхийн тулд хийгдэж байгаа ажиллагааг нууц мөрдөн шалгах ажиллагаа гэж хэлнэ. Тагнуулын байгууллагын мэдээ, мэдээлэл цуглуулахыг гүйцэтгэх ажиллагаа гэж нэрлэнэ үү, тусад нь болгоно. Зарчмын маш том ялгаа орж ирж байгаа.

-Тодорхой хэрэг дээр цагдаагийн байгууллага нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах боллоо гэхэд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно гэдэг зөвшөөрлийг хэнээс, хаанаас авах вэ? 

-Шүүхийн зөвшөөрөлтэй, хөндлөнгийн хяналттай, прокурорын хяналттайгаар энэ ажиллагааг явуулах эрх үүсэх юм. Хэрвээ энийг зөрчин нотлох баримт олж авсан, хууль бусаар чагнасан байвал тэр нь шүүхэд нотлох баримт болохгүй гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс нотлох баримтаа хууль бусаар цуглуулсан байна, энийг чинь нотлох баримтаар тооцохгүй. Өөр нотлох баримт байна уу, байхгүй бол хэрэг биш гэж үзэх үндэслэл болно. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар нотлох баримтыг хууль бусаар цуглуулах сонирхол шаардлага байхгүй болно.  

-Хуульчид “Прокурор, өмгөөлөгч хоёрыг нэг төвшинд авч үзэх шаардлага байна. Ингэхгүй бол мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь нотлогдсон гээд үйлчлүүлэгчийг нь буруутгадаг. Гэтэл өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, нотлох баримттай нь танилцах боломж байдаггүй. Шүүх хуралдаан болж дүгнэлт гаргах болоход өмгөөлөгч мөн оролцох эрхгүй байгаа нь хүний эрх бүрэн утгаараа хангагдахгүйд хүрч байна гэдэг асуудлыг Процессын хуулийг хэлэлцэх шатанд хөндөж байсан. Энэ асуудал хуульд ямар байдлаар зохицуулагдсан бол?

-Прокурор улсын яллагчийн байр сууринаас үйл ажиллагаа явуулдаг боловч Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Өмгөөлөгчийн гомдол юм уу, хохирогчийн гомдлыг аваад хуулиас гадуур шалгасан байна, хугацаа хэтрүүлж шалгасан байна, хууль зөрчиж шалгасан байна, дутуу шалгасан байна гэдгийг хэлж өгдөг хянагч. Тэр үүднээсээ өмгөөлөгч, прокурор хоёр адил.

Өмгөөлөгч ч гэсэн тэр хүндээ эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ улайн цайм үйлдчихсэн хэргийг шууд хэрэгсэхгүй болгуулах тийм үүрэг байхгүй. Тухайн хуулийн хүрээнд тэр хүнийг яаж өмгөөлөх вэ, хэрвээ буруугүй бол буруугүйг нь яаж нотлох вэ, буруутай бол ялыг нь ямар үндэслэлээр хөнгөрүүлэх вэ гэдгийг ярьж шийдэх үүрэгтэй. Энэ хүний эрх зөрчигдлөө, Процессын хууль зөрчигдлөө гэвэл гомдлоо гаргаад шийдвэрлүүлээд явдаг.

Хэрэг дууслаа, нотлогдлоо гээд хэрэг шүүхэд очиход прокурор яагаад улсын нэрийн өмнөөс ялладаг юм бэ гэхээр хуулийн хяналт тавьсаар яваад энэ хэрэг нотлогдсон. Нотлогдсон учраас энэ хүнийг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан ийм, ийм зүйчлэлээр шийтгэгдэх ёстой шүү гэдэг үгээ хэлж өгч байгаа.

-Та түрүүн Процессын хууль батлагдан хэрэгжээд эхлэхээр мөрдөн байцаагч илүү их ажилтай болж, илүү их ур чадвар гаргаж ажиллах шаардлагатай болно гэсэн. Мөрдөн байцаагч нар хэр бэлтгэгдэж байгаа вэ, шинэчлэлийг хүлээж авч, ачааллыг дааж ажиллах боломж нь хэр байгаа бол?

-Наадах чинь л асуудал болоод байна. Кино үзэхэд мөрдөн байцаагч яваад л хүмүүстэй уулзаад л нотлох баримт цуглуулаад явдаг. Манай мөрдөн байцаагч нар тийм завтай билүү, хоёрдугаарт зардалтай билүү. Ажиллагааны зардал их гарна. Гэхдээ бид хүний эрхийг нэгдүгээрт тавихаас аргагүй. Иргэнийхээ эрхийг хангахын тулд цагдаагийн байгууллагаа хангалттай орон тоотой, өндөр мэргэшсэн албатай, байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нь хангалттай төсөвтөө суулгаж өгч хэргийг илрүүлдэг хөгжилтэй орны тогтолцоог суулгахаас өөр аргагүй. Надад зав байхгүй, зардал байхгүй, орон тоо байхгүй гэдгээр процессыг хялбаршуулаад хүний эрхийг зөрчөөд явж болохгүй. Завхрал үүснэ. Хуулийн шинэчлэлийн гол үзэл санаа энэ юм шүү дээ. Явцын дүнд мөрдөгч нар дадлага туршлага хуримтлуулна, өөрийн гэсэн школь, арга барилтай болно, тодорхой хэргийг чиглэл, чиглэлээрээ дагнаж шалгадаг болж мэргэшинэ. Илүү боловсронгуй болж, хөгжинө гэж л харж байна.

-Байцаан шийтгэх ажиллагааны зардал нэлээн өсөх нь. Тооцоо судалгаа хийж үзсэн үү, хэдий хэмжээгээр нэмэгдэх бол?

-Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхой хэмжээгээр нэмэхээс аргагүй. Одоо ч бага зэрэг юм суулгадаг л юм. Нарийн тооцоход хэцүү. Хэдэн км явж мөрдөх юм, таксинд хэдэн удаа суухыг мэдэхгүй шүү дээ.

-Орон тоог хэдий хэмжээгээр нэмэх шаардлагатай болох юм бол?

-Хууль хэрэгжээд ажиллагаа явуулахаар харагдана. Хаана мөрдөн байцаагчаа түлхүү нэмэх шаардлага байна, хаана хуучнаар нь орон тоогоо хадгалж болохоор байна вэ гэдэг нь харагдана.

-Тодруулах нэг асуулт байна. Таныг Улсын Ерөнхий прокурор байхдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин, мөн хүргэнтэй холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүдээ тайлбарлах ёстой гэсэн мэдэгдлийг “Уламжлалт тусгаар тогтнол” нэртэй төрийн бус байгууллагаас өнөөдөр /өчигдөр/ хийж. Хэрэг нь нотлогдохгүй болохоор хэрэгсэхгүй болгочихсон юм уу?

-Ташаа мэдээлэл байна. Зарим нь мөрдөнгийн шатанд байгаа байх. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гомдоод явж байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн шалтгаантай хэргийг шалгалаа гээд. Улс төрийн шалтгаантай ч бай, хувийн шалтгаантай ч бай хуулийн байгууллагад нэгэнт л гомдол ирээд, шалгах үндэслэл байвал шалгахаас өөр арга байдаггүй.

Миний барьсан зарчим бол нөхцөл байдал хүндэрч байсан ч хуулиа л барьдаг.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна