76 гишүүн олон уу, цөөн үү?

2016 оны 4 сарын 8

-УИХ есөн байнгын хороотой. 76 гишүүнээ есөд хуваачихаар нэг гишүүн 2-3 байнгын хороонд хуваарилагдах нь ч бий. Тиймээс хоёр байнгын хороо зэрэг хуралджээ гэхэд нэгийг нь таслах, эсвэл картаа уншуулан ирц бүрдүүлэх төдийгөөр үлдэх нь цөөнгүй-

Гарчигт тавьсан асуултын хариуд УИХ-ын гишүүдийн тоо 76 байгаа нь олдож байна гэх хүн цөөнгүй бий. Учир нь, төр түшиж буй 76-гаас л хамаг хэрэг үүсээд байна, тэд л төр, засгийг дампууруулж, түмэн олныг ядууруулж байна гэх. Тиймээс одоо байгаа 76-г нэмэх биш бууруулах нь зөв гэсэн үзэл бодол нийгэмд тархжээ.  

Улс орны хувь заяа УИХ-ын гишүүдийн гарт байгаа нь үнэн. Тэдний баталсан хууль тогтоомж улс орны хандах зүг болдгийн дээр тэдний баталсан төсөв мөнгийг тэдний томилсон сайд дарга нар захиран зарцуулж байна. Үүнээс болж хэн нэг гишүүний холын хамаатан байсан ч болоосой гэж хүмүүс мөрөөдөх боллоо. УИХ-ын гишүүд хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу нийгэмд хэрэгтэй хуулийг чанартай батлахын оронд нам, бүлэг, фракцийнхаа эрх ашигт нийцсэн, гэр бүлийн болоод хувийн бизнестээ ашигтай хувилбарыг хуульд суулгах болсноос ийм гажуудал, буруу ташаа ойлголт ард олны тархи толгойд бат суучихжээ.

Угтаа бол УИХ-ын гишүүд зөвхөн сайн хууль батлах үүрэгтэй. Сайн хуулийг сайтар хэрэгжүүлээд эхэлмэгц улс орны амьдрал аяндаа зүгшрэх ёстой л доо. Гэтэл өнөөдөр УИХ гүйцэтгэх засаглалын үүргийг сайн дураараа гүйцэтгэж, ямар ч эрх мэдэлгүй, тоглоомын Засгийн газрыг томилж, түүний цаана түмэн олны эрх ашиг хөндөгдөөд байгаагаас гишүүдийн тоог олон байна, үүнээс олон болгох огт хэрэггүй хэмээн хүмүүс үзэж байна. УИХ-ын гишүүдийн тоог чухам яагаад 76-аар тогтсон талаарх тайлбар алга. Ямартай ч хүн амынхаа тоонд зохицуулан төр баригчдын тоог тогтоодог олон улсын жишгээр тогтоосон байх магадлалтай юм. Тухайн үед Монгол Улс хоёр сая хүн амтай байсан гэвэл нэг сая хүн амд 38 гишүүн ногдож байжээ. Харин өдгөө бид гурван саяулаа болсон. Эндээс гишүүдийн тоог дахин 38-аар нэмэхэд буруудахгүй гэсэн логик гарч ирж байгаа юм.

Мэргэшсэн парламенттай улс орнуудад УИХ-ын нэг гишүүн нэг л байнгын хороонд харъяалагдаж, тухайн салбартаа төгс мэргэшсэн байдгийн дээр эдийн засгийн асуудалд эдийн засгийн байнгын хорооныхон илүү үүрэгтэй оролцож байх жишээтэй. Бусад гишүүний хувьд мэргэшсэн байнгын хорооны гишүүдийнхээ боловсруулсан хууль, тогтоомж, хэлсэн үгэнд итгэдэг, тэдний чиг хандлагад найддаг байх нь. Харин манайд үүний эсрэг, 76 хуульч, 76 эдийн засагч, хүсвэл 76 малчин, 76 тариаланч болон маргалдаж, байнгын хорооны гаргасан шийдвэрийг бантан болгоод хувиргачих нь энүүхэнд.

УИХ есөн байнгын хороотой. 76 гишүүнээ есөд хуваачихаар нэг гишүүн 2-3 байнгын хороонд хуваарилагдчих нь бий. Тиймээс хоёр байнгын хороо зэрэг хуралджээ гэхэд нэгийг нь таслах, эсвэл картаа уншуулан ирц бүрдүүлэх төдийгөөр үлдэх нь цөөнгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр УИХ-ын ажлын чанар гишүүдийн тооноос шууд хамааралтай байна. Цөөн гишүүнтэй байгаагаас олон байнгын хорооны хуралдаан давхацдаг, олон хуулийг зэрэг уншиж чаддаггүй, уншаагүй хууль дээрээ кноп дарж батлах болдог. Нэг гишүүний ачаалал хэтэрхий их байгаагаас хууль чанаргүй гарч байна. Хоёрдугаарт нөлөөнд автамтгай байна. Байнгын хороо бол УИХ-ын асуудал шийддэг гол байгууллага. 19 гишүүнтэй байнгын хороо 10 гишүүнээр ирцээ бүрдүүлээд 6 хүн асуудлыг баталж байна. Энэ хоёр үндэслэлээр гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм” гэжээ.

Парламентын засаглалтай ихэнх улс оронд хууль тогтоох дээд байгууллагынхаа бүтцийг тогтоохдоо хүн амынхаа тоог гуравны нэг зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцэхүйц байхаар тооцож, ингэсэн тохиолдолд парламент нь хэвийн ажилладаг байна. Энэ жишгээр тооцвол УИХ-ын гишүүдийн тоо 135-140 болж нэмэгдэх юм. Тэр цагт жинхнээсээ нэг гишүүн нэг байнгын хороонд хамаарч, мэргэшсэн парламентчтай болох билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн зарим нь уншиж амжаагүй хуулинд олонхоо даган кноп дарахаас аргагүйд хүрдгийг ил тод хэлэх нь бий. Гишүүдийн уншиж амжаагүй баталсан хууль иргэдэд хэрхэн үйлчлэхийг таашгүй. Ая тухтай аж төрөхөд нь түшиг болохоосоо илүү төмөр нударга болон бууж байгаа зарим хуулийн зүйл заалт ийм л жишгээр төрсөн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмье. Мэдээж өнөө маргаашдаа шийдэх асуудал биш. Гэхдээ энд тодотгох чухал зүйл бол УИХ-ын гишүүдэд хөрөнгө мөнгө, эрх мэдэл төвлөрч буй нөхцөлд биш, гагцхүү УИХ-ын гишүүд зөвхөн хуулиа л баталдаг болсон цагт гишүүдийн тоог хөндөх нь зөв. Сайд дарга нарын томилгоо, улсын төсөв мөнгөний хуваарилалтыг УИХ-ын гишүүд атгахаа больчихвол хууль уншиж толгойгоо өвтгөх гэж УИХ руу тэмүүлэх хүн хэд байх бол. Яг үнэндээ хуулиа уншаад ч ойлгохгүй ганц нэг гишүүн УИХ-д байгаа шүү дээ. Тиймээс жинхнээсээ сайн хууль батлах гэж мэрийдэг, хуулийн үг үсэг бүр нь амьдралд хэрхэн буухыг мэддэг мэргэшсэн, хичээл зүтгэлтэй гишүүдийн тоог нэмэхэд татгалзах зүйлгүй.

Хүмүүсийн дунд 76 гэдэг бол билэгдэлгүй тоо гэж хэлэх нь ч байна. Учир нь, 7-6 гэсэн уруудсан тоо УИХ урагшгүй байгаад нөлөөлж байна гэж тэд үзжээ. Төрийн сүлдэн дээрх голоороо тасархай морио солиоч ээ гэж нэгэн ахмад настан ихэд бухимдан өгүүлсэнчлэн утга билэгдлийг тооцоход ч буруудах юун.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна