Сэтгүүлзүйн шилдэг шүүмжлэгчдийг тодруулжээ

2016 оны 4 сарын 8

Хорин жилийнхээ ойг тохиолдуулан зарласан “Сэтгүүлзүйн хөндүүр сэдэв” шүүмжийн уралдаанд ирүүлсэн 20 орчим бүтээлийг гуравдугаар сарын 25-нд Хэвлэлийн Хүрээлэн ойн ёслолынхоо үеэр шалгаруулж шилдгүүдийг тодрууллаа. Уралдааны дэд байрын шагналыг МУБИС-ийн багш, доктор С.Амартүвшин “2015 оны “БАЛДОРЖ” шагналт бүтээлүүдийн “өнгийг” сонжихуй” шүүмжээрээ хүртсэн бол ТВ-9 телевизийн захирал, доктор Т.Баасансүрэн “Өөр өнцгөөс харж өлгөж тавих ухаан”-аараа гутгаар байрт шалгарав. Түүнчлэн Доктор До.Цэнджав “Монгол маягийн мэдээ буюу “Breaking news”-ийн учир”, сэтгүүлзүйн багш А.Оюунгэрэл, Л.Өнөржаргал нар “Цагийн хүрд хэрхэн эргэж байна” шүүмжээрээ тусгай байр эзэллээ. Тэргүүн байрын шалгуур хангасан бүтээл энэ удаа байгаагүй тул тусгай байр хоёрыг нэмж тодруулахаар шүүгчид шийдвэрлэсэн юм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан зарласан эл уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь тухайн нэг сэтгүүлчийн бүтээлийг задлан шинжилсэнээс эхлээд бичлэгийн төрөл зүйл, мэдээний тэнцвэр алдагдаж буй тухай болон ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн шүүмж зонхилж байв. Түүнчлэн сэтгүүлчдийн хэл найруулгын алдаа их болсон, ТВ нэвтрүүлгийн ёс зүй алдагдаж байгаа, цахим орчин дахь гадаад мэдээний орчуулга шаардлага хангахгүй болж, цахим сайтууд бэлгийн хүчирхийллийг хөөрөгдөж байгааг шүүмжилсэн байна.

Энэ удаагийн уралдааныг Дэлхийн Банк ивээн тэтгэсэн бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Эдгээр бүтээлийг Хэвлэлийн Хүрээлэнгийн сайтад цувралаар танилцуулах болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна