Д.Одхүү: Дэлхийн аварга үсчинтэй боллоо

2016 оны 4 сарын 8

Дэлхийн үсчин, гоо сайханчдын "HAIRWORLD 2016"  тэмцээн БНСУ-ын Сөүл хотод саяхан болж өндөрлөсөн. Үсчин, гоо засалчид дундаас дэлхийн хэмжээний аварга тодруулдаг 35 дахь удаагийн тэмцээнээс монгол үсчин залуу “Алтан медаль”-ийн эзэн болж, эрэгтэй богино үс засалтаар монголчууд багаараа гуравдугаарт жагсчээ. Дэлхийн аварга төрсөн тэрхүү тэмцээний талаар Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, Скай салоны мастер үсчин Д.Одхүүтэй ярилцлаа.

-Дэлхийн аварга үсчинтэй болсонд танай холбооныхон болоод тэргүүнээр нь ажилладаг хүний хувьд танд ч бас баяр хүргэе. Тэмцээн хэр өргөн бүрэлдэхүүнтэй явагдсан бэ. Манайхаас олон үсчин, гоо сайханч оролцсон уу?

-Дэлхийн үсчин гоо сайханчдын холбооны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Манай улс 60 жилийн ойн үеэр нь анх тус холбоонд элсэж байсан. Харин тэмцээний хувьд энэ жил 35 дахь нь. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 41 орны 1050 үсчин, гоо засалч оролцсоноос эрэгтэй богино үсний төрөлд Монгол Улсаас дэлхийн аварга үсчин төрсөн. Тэр хүн бол  "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан юм. "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон.

Тэмцээн үсчид төдийгүй гоо засалчдынх байдгаараа онцлог. БНСУ-д болсон учраас харьцангуй зардал хямд гэдэг утгаараа өргөн бүрэлдэхүүнтэй баг явсан. Нийтдээ 34 хүн тэмцээнд оролцсон. Мэргэжлийн тэмцээндээ амжилт гаргахын тулд загвар өмсөгч, моделиудаа авч явдаг. Өмнө нь манай үсчид дөрвөн удаа тивийн аваргын тэмцээнээс Гранпри цом авч, Ази, Европын аварга болж байсан. Энэ удаа дэлхийн аваргатай болсондоо их баяртай байгаа. 10 жилийн турш тасралтгүй тэмцээн уралдаанд оролцож байсны хүч гэж бодож байгаа.

-Хувь үсчнийхээ амжилтын талаар тодруулбал?

-Эрэгтэй үс засалтаар би Азийн аварга цолтой. Харин 2009 оноос хойш шүүгч, дасгалжуулагч хийж байна. Сөүлийн дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр ажилласан. Өдөрт 180-200 үс засалт шүүнэ гэдэг амаргүй. Гэвч дэлхийн хэмжээний тэмцээнд итгэл үзүүлж шүүгчээр шалгаруулсан болохоор хичээхээс аргагүй. Эрэгтэй үс засалтын багаа би ахалдаг. Сүүлийн зургаан жилийн турш багаа дасгалжуулж байгаа.

-Спорт, урлагийн тэмцээн уралдааныг улсаас ивээн тэтгэх, зардалд нь дэмжлэг үзүүлэх, амжилт гаргасан бол шагнаж урамшуулах нь бий. Та бүхний хувьд ямар дэмжлэг үзүүлдэг вэ. Дэлхийн аварга үсчинтэй болсон гэдгийг яам тамгынхан  мэдсэн үү?

-Спорт, урлагийнхан дундаас дэлхийн аварга төрөхөд монголчууд бид гурван саяулаа нэгдэн нийлж, баярлан хөөрдөг. Харин тухайлсан мэргэжлийн аваргуудад тэгж ханддаггүй. Үсчин гоо засалчдын дундаас дэлхийн аваргатай болсон гэдгийг хэвлэлийнхэн та нар л мэдэж байгаа болов уу. Төр засгийн зүгээс бидэнд ямар ч дэмжлэг алга. Тэмцээнд оролцохдоо ч бид зардлаа өөрсдөө гаргадаг. Энэ удаа дэлхийн аваргатай болсон гэдгийг салбарын яамныхан маань мэдсэн эсэхийг мэдэхгүй байна.

-Хуучин цагт бол ахуйн үйлчилгээний салбар хүчтэй, хариуцдаг яам тамгатай байсан. Одоо аль яаманд харъяалагдаж байна вэ?

-Ерээд онд зах зээлд шилжих үеэс манай салбар уналтад орсон. Төр засгийн зүгээс бодлого зохицуулалт, дэмжлэг туслалцаа ч байхгүй болсон.  Тиймээс бид Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоог 2006 онд байгуулж, үсчин гоо засалчдаа нэгтгэх гэж хичээж байгаа. Тив, дэлхийн аваргын тэмцээн уралдаануудад тасралтгүй орж ирсэн. Тэмцээний зардал мөнгийг бүгдийг өөрсдөө дааж байгаа. Зөвхөн тэмцээний такс л гэхэд 800 ам.долларын үнэтэй. Тэмцээнд ашигладаг манекен толгойгоо нэгийг нь 200-300 ам.доллараар авдаг гээд тоочвол бэрхшээл их бий. Нэг хүнээс багадаа 7-8 сая төгрөг зарцуулдаг. Гэвч үйлчлүүлэгчдийнхээ өгөөмөр сэтгэлийн хүчээр бид өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд тэмцээндээ оролцож байна даа.  

Одоогоор ахуйн үйлчилгээний салбарыг аж үйлдвэрийн яаманд хамаатуулж байгаа. 2012 онд бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харъяалагдаж байхдаа сайд, хэлтсийн дарга нарт үсчин, гоо засалчдын салбарыг дэмжихийг хүссэн. Бидний хүсэлтийн дагуу 2012 оны наймдугаар сард тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргасан бол мөнгөн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол гаргаж байсан. Дэлхийн аварга болвол  40 сая, тивийн аварга бол 20 сая төгрөг олгохоор тогтоолд тусгасан ч биднийг Ази, Европын аварга болоход “Та нарын мөнгө төсөвт суугаагүй” гээд өгөөгүй. Харин энэ удаа тэгж чимээгүй өнгөрөхгүй байх гэж итгэж байна.

-Нууц биш дэлхийн аваргад  хэдэн ам.долларын шагнал олгодог вэ?

-Ний нуугүй хэлэхэд мөнгөн шагнал байдаггүй. Зарим хүн бусад салбарынхан шиг өндөр шагналтай гэж ойлгодог. Дэлхийн үсчин, гоо засалчдын холбоо /OMC/-ны зүгээс үсчин, гоо засалчдадаа мөнгөн шагнал бус мэргэжлийн төвшинг тогтоож, үнэлгээ тогтоохын тулд уг тэмцээнийг зохион байгуулдаг онцлогтой л доо.

-Тэгвэл манай үсчингүүд ур чадвараараа дэлхийд дээгүүр “давхиж” байна гэж ойлгож болох нь ээ. Ер нь аль орны үсчид илүү сайн бэ. Тэд юугаараа илүү вэ?

-Тийм ээ.  Үс засалтын хэд хэдэн төрөлд бид амжилттай ажиллаж байгаа. Үсчдийн тэмцээн маш олон төрлөөр явагддаг. Манайхан эрэгтэй богино үс засалтыг сайн хийдэг болсон нь тэмцээний явцад анзаарагдсан. Тив дэлхийн тэмцээн уралдаанд байнга амжилттай оролцдог гэвэл итали, польш, франц, япон, солонгос үсчид байдаг. Эдгээр орны үс, гоо заслын салбарын хөгжил өндөр байхын дээр үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдгээрээ онцлог. Манай улсад ахуйн үйлчилгээний салбар дөнгөж эхлэлээ тавьж байсан 1946 онд Франц, Италид үсчин, гоо засалчдын дэлхийн аваргын тэмцээн болж байжээ. Гэтэл бид тэр тэмцээнд нь бүтэн жаран жилийн дараа 2006 онд анх орсон байх жишээтэй.

Гэвч монголчууд айхтар тэмүүлэлтэй гэж дэлхийн үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн хэлж байсан. Тэмцээнд оролцох болгондоо амжилт гаргаж байгааг хараад “Манай холбоонд хамгийн сүүлд орж ирсэн нь монголчууд. Монголчуудад асар их эрч хүч, ассан гал шиг мэдрэмж ажиглагддаг. Хамгийн отгон боловч хамгийн хүчтэй өрсөлдөгч нь та нар боллоо” гэж хэлж байсан. Тэр хүн дэлхийн 68 орны үсчин, гоо засалчдыг харж ажиглаж байдаг.

-Тэмцээний шүүлтийн тухайд хэр шударга явагддаг вэ. Өөрийг тань шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан болохоор илүү сонирхоод байна л даа. Спортын уралдаан тэмцээн боллоо гэхэд шүүгч нар улс орныг зэрэг зиндаагаар ялгамжлах, хуудуутай шүүх тохиолдол мэр сэр гардаг шүү дээ?

-Дэлхийн үсчин, гоо засалчдын холбооны шүүгчид маш нарийн дүрэм журамтай. Шүүгчийн эрх бүхий 90 хүнээс 11 хүнийг сонгож авсан. Ингэхдээ тухайн хүний ёс зүй, ур чадвар, мэдрэмж, соёл боловсролыг нь тунгааж байж сонгодог юм билээ. Тухайн шүүгч өөрийнхөө багийг дэмжихийн тулд илт дээгүүр оноо өглөө гэхэд өөрөө шүүх эрхээ хасуулдаг. Жишээ нь, би Монголынхоо үсчний 25 онооны чадамжид 30 оноо өглөө гэж бодъё л доо. Бусад шүүгч дунджаар 25 оноо өгсөн байг. Ийм тохиолдолд миний шүүгчийн эрхийг шууд хасна. Учир нь, би нийт шүүгчдийн өгсөн дундаж онооноос дээш, доошоо хоёр баллаар л зөрүүлэх эрхтэй. Түүнээс их зөрүү гаргавал ямар нэг лоббид автсан, хувийн амбиц гаргасан, эсвэл мэдрэмжгүй шүүгч байна гэж үздэг. Тэгэхээр тэмцээний шүүлтэд итгэхгүй байх аргагүй.

-Одоо хоёулаа мэргэжлийн тань талаар ярилцъя. Урлагийн хүнд өчүүхэн ч болтугай авьяас чухал гэдэг шиг үсчин хүнд байх ёстой зан чанар юу вэ?

-Би үс засаад 20 жил болж байна. Энэ хугацаанд миний ойлгосноор үсчин хүнд байх ёстой чухал зүйл бол мэдрэмж, төсөөлөн бодох чадвар. Үйлчлүүлэгч үсээ засуулахаар ирэхэд үсийг нь яаж засвал илүү гоё харагдах вэ, нүүр царайны өө сэвийг хэрхэн далдлан нуух вэ гэдгийг урьдчилаад хардаг байж л сая үсчин болно. Тийм чадвар үгүй бол үйлчлүүлэгч, үсчин хоёр ердөө л суугаа, зогсоо хоёроороо л ялгаатай болно. Тэр мэдрэмжийг байнга хөгжүүлэхийн тулд дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцож, нүд тайлж байх ёстой юм байна.

-Одхүү, яагаад үсчин болсон бэ. Аав ээж, ах эгчийн нөлөө байв уу?

-10 жилийн сурагч байхаасаа л үс засах хоббитой байсан. Ахад маань оросын баздаг машин байсан. Тэрийг нь аваад найз нөхдийнхөө үсийг засна. Оёдлын хайчаар ч засдаг л байсан. Аравдугаар ангиа төгсөөд айлын хүүхдүүд их дээд сургуульд явж байхад би үсчний салонд ажилд орж байсан.

-Үсчингүүдийн олонх нь охид хүүхнүүд. Гэтэл амжилт гаргаад байгаа нь эрчүүд харагдаад байх юм. Үүнд хүйсийн ялгаа байна уу, эмэгтэйчүүд төсөөлөн бодох чадвараар эрчүүдийг гүйцэхгүй байна уу?

-Хүйсийн ялгаа гэхээсээ илүү ажилдаа цаг зав зарцуулах боломжоос болоод байна уу гэж боддог. Манай улсад ч ийм байгаа юм биш. Олон улсын хэмжээнд тив дэлхийн аваргад эрэгтэй үсчид илүү оролцдог. Нийт тэмцээнд оролцогчдын 70 хувь, шүүгчдийн 90 хувь нь эрчүүд байдаг. Эмэгтэйчүүд чинь биднийг бодвол ар гэр, үр хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулж, илүү цаг зарах хэрэгтэй болдог. Ажиллах явцдаа хүүхэд төрүүлээд хэсэг хугацаанд гэртээ суухаас аргагүйд хүрдэг. Эмэгтэйчүүд завсарлаж байх тэр хугацаанд эрчүүд тасралтгүй ажиллаж л байдаг. Үүнд л амжилтын нууц нь байгаа болов уу.

-Үсчний амжилт моделиос  шалтгаалах уу. Монголчуудын үс голчлон бүдүүн ширхэгтэй, ширүүн, хуурай байдаг нь  үс засалтад нөлөөлдөг үү?

-Сүүлийн үед үсчний тэмцээнийг заавал модельтой хийхийг шаардах нь багассан. Хиймэл манекен толгой ашиглаж үс засах нь эдийн засгийн хувьд ч харьцангуй хэмнэлттэй болсон. Модель авч явах зардал мөнгийг хэмнэсэн гэсэн үг.

-Үс засалтын модель, манекенаа хэрхэн сонгодог вэ. Царайлаг, нуруулаг байх ёстой юу?

-Модель маань хөөрхөн, царайлаг гэхээсээ илүү үс засалтаар хувирах боломжтой царайг сонгодог. Гэхдээ мэдээж жижгэвтэр толгойтой, нүд, хөмсөг, духны пропорц зөв байх ёстой. Түүнээс нуруулаг, царайлгийг илүүд тавьдаггүй.  

-Манай улс чинь “Халгай” шампуниас өөр өөрийн гэсэн бүтээгдэхүүнгүй. Ядаж л үсний будаг сонгохоос эхлээд хүндрэлтэй байдаг уу?

-Loreal, Londa, Wella, Shchwarzkopf гэсэн мэргэжлийн бүтээгдэхүүний хэрэглээний хувьд бидэнд хүндрэл учирдаггүй. Үсчингүүдийн хувьд аль ч орны үсчидтэй хэл нэвтрэх бүрэн боломжтой. Бидний мэргэжил хил, хэл хязгааргүй гэж хошигнох дуртай л даа. Тийм болохоор гадаад бүтээгдэхүүн ашиглах даалгаварт бүдрээд байдаггүй. Герман, Орос хаана ч байсан хэл мэдэхгүй ч сургалтад суугаад, салонд ажиллахад хүндрэлгүй. Туршлага л чухал.

-Туршлага гэснээс хэдэн жил ажилласан хүмүүс тив, дэлхийн тэмцээнд оролцож байна?

-Багадаа л гурван жил. Ер нь гурваас дээш жил ажилласан хүмүүс оролцдог.

-Урлаг, спорт, улс төрийн хүрээнийхэнд үйлчилдэг үү. Орчин үед амжилтад хүрэхийн тулд өөрийн гэсэн имижмэйкертэй байх хэрэгтэй гэж үздэг болжээ?

-Урлагийнхан дунд дотны найзууд цөөнгүй бий. “Нюанс” хамтлагийн залуус байнгын үйлчлүүлэгч болсон. Улс төрийн хүрээнээс гэвэл С.Батболд даргын гэр бүлд үйлчлээд 10 гаруй жил болж байна.

-Мэргэжлийн өвчин гэж нэг юм байдаг даа. Хүмүүсийг хараад үс засалт нь зохиогүй, үсээ ингээд засчихаасай гэж боддог уу?

-Төсөөлөн бодох чадвар ажиллана шүү, ер нь. Хүмүүсийг хараад ядаж л үсээ угаасан үгүйг, үсний өнгө нь зохисон эсэхийг, үс засалтыг нь өөрчилбөл ямар болохыг анзаардаг л юм.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна