Орон сууцны борлуулагчид шалдаа буужээ

2016 оны 4 сарын 8

Монголын эдийн засаг хямарч мөнгөтэй хүн байхгүй болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд мөнгө алга” байна хэмээсэн. Амьдралын наад захын хэрэглээ болох хоол хүнсээс бусад борлуулалт мэдэгдэхүйц буураад байгаа. Ялангуяа өндөр үнэтэй тансаг барааны худалдаа бараг зогссон. Тав, зургаан жилийн өмнө Чингисийн талбайн зүүн талын Сентрал тауэрт хүмүүсийн нүдийг хужирлан нээгдэж байсан гадаадын брэнд барааны дэлгүүрийн ихэнх нь өнөөдөр хаагдаад байгаа.

Энэ үед борлуулалтгүй болоод байгаа өөр нэг салбар нь орон сууц. Засгийн газрын өгсөн мэдээллээр 30-аад мянган орон сууц борлуулагдаагүй байгаа аж. Нэгэн үе “авахгүй бол болино биз” хэмээн пээдийж байсан шинэ орон сууцны борлуулагчид шалдаа буужээ. Мөнгөө бариад ирэх хүнгүй болсон тэд байрыг нь үзэхээр ирсэн хүмүүсийг ч алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Загварын байрыг нь ирж үзсэн хүмүүсийн дунд азтан шалгаруулж iPhone 6S гар утас өгөх дээрээ тулжээ. Энэ “боломжийг зөвхөн Залуусын хотхон X Apartment олгож байна” гэсэн сурталчилгаа цацаж байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна