Эмэгтэйчүүдийн эрин

2016 оны 4 сарын 8

 

Дэлхийн улс төрд эмэгтэйчүүдийн байр суурь, хүч нөлөө өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 22 орон эмэгтэй төрийн тэргүүн, ерөнхий сайдтай.  Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал XIX зууны эхэн үеэс яригдах болж, ХХ зуун гарсаар тэдний улс төр, бизнесийн салбар дахь оролцоо нэмэгджээ. Орчин үед эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломж илүү нээлттэй болсон төдийгүй дэлхий нийтийн хандлага ч эмэгтэйчүүдийг дэмжиж байна.

 

Даяаршлын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал улам нэмэгдэж АНУ болон Нэгдсэн Үндэсний байгууллагыг /НҮБ/ эмэгтэй хүн тэргүүлэх магадлал өндөр байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд дөрвөн эмэгтэй нэр дэвшин өрсөлдөж байгаа нь UNESCO-гийн тэргүүн болгар үндэстэн Ирина Бокова, Шинэ Зеландын экс ерөнхий сайд Хелен Кларк,  Хорватын Гадаад хэргийн сайд асан Весна Пусич, Молдавын Наталья Герман нар нэр дэвшжээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Цагаан ордны сонгуульд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон чансаа өндөртэй явна.

 

Эмэгтэйчүүдийг дорд үздэг уламжлалтай Азийн орнуудад бүсгүйчүүд төрийн тэргүүнээр сонгогдох явдал бараг “мода” болжээ. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе ерөнхийлөгчийн эрхээ аваад даруй гурван жил болжээ. Мөн  Тайванийн төрийн тэргүүнээр Цай Ингвен сонгогдож улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болов. Хамгийн сүүлд Вьетнамын хууль тогтоох байгууллагын тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Энэ нь Азийн эмэгтэйчүүдийн мэдлэг боловсрол, нийгмийн идэвх нэмэгдсээр байгаагийн том илрэл юм. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их зөрчдөг Саудын Араб зэрэг исламын шашинт орнуудад охид, бүсгүйчүүд сонгуульд санал өгөх эрхийг олгосон нь том дэвшил юм.

 

 

Эмэгтэйчүүдийн хурц ухаан, өрсөлдөх чадвар эрчүүдээс дутахгүй гэдгийг нотлон харуулсан дэлхийн хүчирхэг улстөрчид олон. Үүнд, Германы канцлер Ангела Меркель, Мьянмарын Ан Сан Су Чи, Олон улсын валютын сангийн тэргүүн  Кристин Лагард нарыг жишээ татаж болно.

 

Аливаа улс орнуудад эмэгтэйчүүд улс төрд оролцох явдал харилцан адилгүй байдаг. Швед, Дани зэрэг улсад парламентын суудлын 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг нь хамгийн өндөрт тооцогдож  байна. Эрэгтэйчүүдийг бодвол нийгмийн эмзэг асуудалд эмэгтэйчүүд мэдрэмжтэй ханддаг. Тэд нийгмийн орхигдсон бүлгийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч байж чаддаг юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн уян зөөлөн зан чанар зөрчил мөргөлдөөн цус урсахын эсрэг шийдвэр гарахад нөлөөлж энх тайван дэлхийг цогцлоож чадна.  

 

Эмэгтэйчүүд төрийн эрхийг барьж байсан нь манай эрний өмнөх 3000 жилийн тэртээ эртний Египетийн хатад  улс орноо захирч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнчлэн Монгол улсын хувьд ч жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа 1953-1954 онд Монгол улсын төрийн эрхийг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүх бий.

 

Өдгөө Герман, Польш, Литва, Латин Америкт Бразиль, Либери, Өмнөд Солонгос, Бангладеш,  Дани, Чили, Аргентин, Тринидад ба Тобаго, Косово, Ямайк, Словени, Сенегал, Норвеги, Латви, Төв Африк, Мальт, Швейцарь, Хорват, Тайвань улсууд эмэгтэй төр, засгийн тэргүүнтэй. Түүнчлэн Их Британийн хатан хаан II Элизабетыг нэрлэж болно.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна