МАН-ын ээлжит сурталчилгааны кино

2016 оны 4 сарын 8

“Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино” гэж В.И.Ленин хэлжээ. Мэдээж үзэл суртал, соёлын довтолгооны хамгийн том зэвсэг нь кино болж байсан учраас ингэж хэлэх нь зүйн хэрэг. Манайд ч энэ башир аргаа амжилттай хэрэгжүүлж өнгөрсөн зууны 70 жилд хангалттай тархи угааж түүхийг гуйвуулсан кино, зохиолыг МАХН-ын Төв хорооны хяналт дор бишгүйг бүтээлгэсэн нь одоо ч телевизүүдээр гарсаар байна. МАН угаасаа л энэ үгийг тахин шүтэж ирсэн нь хэнд ч ойлгомжтой.

Гэхдээ ингэх бүрдээ түүхийг хэлмэгдүүлж, худлыг үнэний байранд тавьж жинхэнэ үнэнийг булшлахыг оролдож ирснийг ардчилсан хувьсгалын ачаар бид мэдэхтэйгээ болсон.

Гэхдээ МАН дадсан арга барилаасаа салах нь байтугай бүр лавшруулан туршлагажиж байна гэлтэй. 2012 оны сонгуулиар энэ бүхэн ил болсон. “Долоон бурхан харвадаггүй” киног МАН-ын одоогийн генсек зохиолыг нь бичиж, түүхийг дахин хэлмэгдүүлэхэд хүргэсэн. Түүний хийлгэсэн энэхүү кинонд мөнгийг харин ч нэг баруун солгойгүй цацсан. Ж.Мөнхбат “Монголын кино урлагийн түүхэнд бүрдээгүй том групп энэ кинонд бүрдсэн. Тодруулбал, нийтдээ 2000 гаруй хүн ажилласан” гэж хэлж байсан төдийгүй киноны нийт зардлыг эхлээд 250 сая орчим төгрөгөөр тооцож байсан ч замын дунд зардал нэмэгдэж, 700 орчим сая төгрөгөөр бүтсэн аж. Өөрсдийнх нь сонгуулийн том зэвсэг болох учраас Монгол Ардын намын зүгээс албан ёсоор 150 сая төгрөгийн хөрөнгө оруулсан тухай өөрсдөө хэлж байсан.

Хэдийгээр кино урлагийн түүхэнд бүрдээгүй том групп ажилласан ч энэ кино үнэндээ улс төрийн өөдгүй санаагаар бүдгэрсэн.

Тэгвэл 2016 оны сонгуулийн өмнө тэд дахин нэгэн киногоор сонгогчдын саналыг эргүүлэхийг оролдох гэж байна.

Youtube.com-д тавьсан энэхүү бүтээлээ “Монгол улсын удирдагч, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн намтарчилсан кино” гэж тайлбарлажээ.

“Бүү март” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн бөгөөд Ерөнхий продюсероор мөнөөх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ажиллаж өөрөө зохиолоо бичсэн, оросуудтай хамтарч хийсэн зэргээс нь өнгөцхөн харвал яахын аргагүй улс төрийн зорилтот бүтээл бололтой.

Киноны зураг авалтыг Монгол болон ОХУ-ад хийсэн бөгөөд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин Г.Мягмарнаран гэж мундагчууд гол дүрд нь тогложээ.

Зургийн найруулагчаар Крис Мартин, Оросын талын кастинг найруулагчаар Олег Юмов нар ажилласан зэргийг нь харван хэлбэр, хийцийн хувьд сайтар ч танилцуулгад нь гарч буй үйл явдал, хэлж буй үг зэргээс нь харвал ардчилсан хувьсгалын түгээмэл ойлголтыг арай өөрөөр буюу МАН гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг харуулахыг зорьсон бололтой. Киноны нээлт энэ сарын 15-нд болно.

Хэлэхэд эрт байгаа ч хардах олон шалтгаантай кино ийнхүү сонгуулийн өмнө мэндэлж, хуулиас гадуур том сурталчилгаа болох бололтой.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна