Цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэх ёстой гэв

2016 оны 4 сарын 8

УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Суманд хүүхдүүдээ сургахын тулд зөвхөн зургаан наснаас бус 3,4 настайгаас эхэлж бэлтгэх шаардлагатай болдог. Энэ үед дотуур байрны дутагдалтай байгааг малчид хэлж байна. Хүүхдээ хэдэн настай сургуульд сургах нь эцэг эхийн сонголт. Тэгэхгүй бол энэ асуудал чинь сургуулийн захиралын үзэмжээр шийдэх асуудал болчихно.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Сургуульд орох хүүхдийн насыг хатуу тогтоох нь буруу. Харин ч зургаан нас бүрэн хүрсэн гэж хуульд заагаад хүүхдээ сургуульд сургах, суралцуулах боломжоор хангаад өгөх хэрэгтэй.

Малчин айл хүүхдээ сургуульд сургахын тулд эхнэр нөхрийн аль нэг нь төвийг барааддаг. Үүнээс болж гэр бүл салж мэдэх юм. Хуульд зургаан настай хүүхдийг сургуульд бүртгэнэ гээд заачихаар сургуулийн захиралууд “нугалаа” гаргаж болзошгүй гэж УИХ-ын гишүүд үзэж байлаа.

Цэцэрлэгийн хүүхдэд өдөрт 1600 төгрөгийн хоолны мөнгө төсөвлөж хуваарилсан. Энэ нь илчлэг, тэжээл авахад хүрэлцэхгүй байна гэж гишүүд шүүмжилсэн. Тиймээс эцэг эхчүүдээс нэмж мөнгө авах шаардлагатай гэж ажлын хэсгийн ахлагч А.Бакей гишүүн хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ”энэ зардал нь орон нутагт хүрэлцээд байдаг юм байна лээ. Тиймээс сууршил бүсээр нь ангилж эцэг эхчүүдээс ялгаатай хураамж авах нь зөв” гэлээ.   

Ийнхүү санал зөрөлдсөн тул зарчмын зөрүүтэй саналыг томьёолж, санал хураалт явууллаа.

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна