Бэлчээрийн эрх зүйн орчинд эрх ашгийн эрэмбээр хандъя

2016 оны 4 сарын 8

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВИЙН ТЭРГҮҮН, ДОКТОР А.ЭНХ-АМГАЛАН

Бэлчээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал сүүлийн 20 жил яригдсан боловч өнөө хүртэл шийдэгдэхгүй байна. Хуримтлагдсан асуудлыг зөвөөр ойлгож, цаг алдалгүй шийдвэрлэхэд тус дөхөм болгох үүднээс баримт, судалгаанд тулгуурласан нийтлэлийг толилуулж байна.

Эзэмшүүлэх, гэрээгээр ашиглуулах ойлголтын тухай

Гадныханд үл итгэж, 1990-ээд оны эхээр анх эзэмшүүлэх (Монголчуудад), гэрээгээр ашиглуулах (гадныханд) хэмээн хоёр салгаж орхисон ойлголт нь зах зээл хөгжсөн орнууд дахь түрээслэх  буюу лизинг (lease, leasing) гэдэг ойлголттой дүйнэ. Зорилго нь газрын нөөцийг зохистой ашиглах харилцааг өмчлөгч, ашиглагчийн эрх, үүргээр зохицуулахад чиглэдэг. Ашиглагчийн гол үүрэг нь газрын чанарыг талхлан доройтуулахгүй байхад чиглэдэг бол өмчлөгчийн үүрэг нь ашиглагчийн зүгээс үүргээ биелүүлэх боломж, нөхцөлийг нь хангахад оршино. Тухайлбал, цаг агаар хэвийн нөхцөлд гэрээт бэлчээрт бусдын мал орж талхлах, уул уурхай зэрэг бусад ашиглалтын зүгээс хохирол учруулахаас  сэргийлэх, зөрчил маргааныг шийдвэрлэх үүргийг өмчлөгч буюу төр хүлээнэ. Бэлчээрийг үе уламжлан албан бусаар эзэмшиж, ашиглаж ирсэн Монгол орны нөхцөлд бэлчээрийг гэрээгэр ашиглуулна гэдэг нь малчдын албан бус эрхийг цаасан дээр буулгаж, баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл малчдын дутуу эдлээд байгаа эрхийг нь гүйцээж, хамгаалахыг хэлээд байгаа юм. Энэ нь мал аж ахуйг бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн голдрилд оруулах нийтийн эрх ашигт нийцэж байгаа юм.

Гэрээгээр ашиглуулснаар ямар эрх ашиг хожих вэ

I.    Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал үндсэндээ зогсонги болсон нь дараах шинж чанараар илэрнэ. Үүнд:

1) Нийт мал сүргийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг нутгийн мал нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, экологийн харьцангуй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг давуу талтай ч ашиг шим доогуур, цаашид нэмэгдүүлэх боломж бага учраас малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малчдын амьжиргааны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах чадвар нь мөхөсдөх болсон /Баримт: Нутгийн нэг малаас авах ашиг шим статистик мэдээ гарч эхэлсэн сүүлийн 50 жилд өсөөгүй, зарим талаар буурсан, тухайлбал улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 248 кг, оны эхний нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 344  литр байсан бол 1991 онд эдгээр үзүүлэлт 245 кг, 323 литр болж буурсан, малаа дурандаж, мотоциклоор туудгийг эс тооцвол дундад зууны үеийн технологи хадгалагдаж үлдсэн, хот, суурин газрын мах, сүүний хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт харуулж байна.

2) Байгалиас хараат, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар мөхөс, таваарлаг чанар сул, амиа аргацаасан хэт жижиг өрхийн аж ахуй давамгайлсан /Баримт: ган, зудаар хорогдох малын тоо дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг ихээхэн савлуулж бууруулдаг, малчин өрхийн дөнгөж 9 хувь нь 500-аас дээш малтай, 70 шахам хувь нь 200 хүрэхгүй малтай, амьжиргаагаа залгуулахад наад зах нь 300-400 толгой мал хэрэгтэй гэсэн  судалгаа бий/

3) Мал, бэлчээр, малчны харьцаа боломжийн байсан 1990 оноос хойш мал, малчдын тоо огцом нэмэгдсэнээр бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэдэг, ган, зудын үед ордог отрын нөөц нутагтай байсан тогтолцоо үгүй болсноос эрсдэлд нэн өртөмтгий болж, зохицуулалтгүйн улмаас үүдсэн бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч байгаа /Баримт: 1990 онд ерэн мянга байсан малчин өрх зуун тавин мянга гарч, ихэнх аймаг, сумд өөрийн отрын нөөц нутаггүй, “сохроор”  нүүдэллэж, туурайн зуд болох нь түгээмэл, ногоон масс ургаж байгаа ч ургамлын бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж, шарилж, лууль давамгайлан мах, сүүний амт, чанар, түүгээр дамжин хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Олон төрлийн ургамалжилт бүхий байгалийн соргог бэлчээрээс идээшилсэн малын бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд амин чухал ханаагүй тосны хүчил, үл исэлдүүлэгч (antioxidant)-ийн агууламж өндөр байдаг бол бэлчээр талхлагдах хэмжээгээр энэ нь буурдгийг судалгаагаар тогтоожээ/

Хөгжлийн гол хөдөлгүүр нь технологийн дэвшил байдаг. Тэгвэл манай мал аж ахуйн салбарын хөгжил зогсонги болсны үндсэн шалтгаан нь малын эзэн болсон малчны зүгээс технологийн дэвшил нэвтрүүлэх сонирхлын механизмыг  нь бий болгоогүйд л оршино. Үүний шалтгаан нь энгийн. Өөрт байгаа боломжуудаас хамгийн хямдыг нь сонгож ашиг, орлогоо нэмэгдүүлэх нь зах зээлийн эдийн засгийн хууль. Бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо  малчдад үйлчилж байна. Ийм нөхцөлд малынхаа толгойн тоог өсгөөд л суух нь малчинд амар, хямд байгаа хэрэг. Мал эмнэлэг, малын чанар, өвс тэжээл, эрсдэлтэй тэмцэх, шинэ технологи, инновац, бүтээгдэхүүний чанар гэж толгойгоо өвтгөж, илүү зардал гаргаад яах юм. Яах вэ зүгээр өгвөл аваад л хэвтэж байя, сүх далайтал үхэр амар гэгчээр зуд болтол ч хаа юм, төр, засаг гэж нэг юм байна, туслах байлгүй гэсэн сэтгэлгээ ноёлж байна/1980-аад оны сүүлээр 1 хонин толгойд 25 кг хадлан бэлтгэж байсан бол 2011 онд 20 кг болсон/. Дүгнэж хэлбэл малчин хүний өнөөгийн амьжиргааны арга нь аж ахуйгаа эрхлэх дэвшилтэт аргыг нэвтрүүлэх сонирхолгүй болгож, үл хөгжихүйн гинжинд хүлээд байна. Нөөцийн эдийн засгийн ухаанаар авч үзвэл мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал нь тухайн малчин өрхийн өөрийн гаргасан хүн хүч, тэжээл, эм тарилга, тээвэр гэх мэт "дотоод" зардал, "гадаад" зардлын нийлбэрээс бүтнэ. Гадаад зардал нь бэлчээрийг ашигласны болон түүнд хор хохирол учруулсан бол тэр хохирлын хэмжээгээр нийгэмд учирч байгаа зардал юм. Гадаад зардлыг малчин үүрэхгүй байгаа учраас ямар хэмжээтэй гарах нь сонирхлыг нь нэг их татахгүй. Энэхүү гадаад зардлыг малчны сонирхлын хүрээнд хэрхэн оруулж ирж, бэлчээртээ өөриймсөг ханддаг, даацыг нь хамгаалж, сайжруулдаг, хэтрүүлж талхалсан бол хариуцлага хүлээдэг, ингэснээр малын тоог өсгөх биш харин чанар, бүтээмжийг сонирхдог болгох вэ гэдэгт асуудлын гол оршиж байгаа бөгөөд шийдэх гарц нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах явдал юм. Өөрөөр хэлбэл малын толгойн тоогоор хөөцөлдөж, бэлчээрээ талхлаад байгаад малчид, мал  буруугүй, харин сонирхлын зөв хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа засах тухай яригдаж байгаа хэрэг юм

II.  Бэлчээрээ эзэмших буюу гэрээгээр ашиглаж, эрх ашгаа хамгаалах сонирхол малчдын дийлэнхийг бүрдүүлдэг ядуу, дунд бүлгийнхний дунд давамгайлж байгаа нь олон тооны судалгаа, баримтаар нотлогдсон зүйл. 2007 онд НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ХХААЯ-аас нийт улс орныг хамруулан явуулсан санал асуулгын судалгаагаар малчдын 70 орчим хувь нь бэлчээрээ эзэмшихийг дэмжжээ.  2009-2012 онд Мянганы сорилтын сангийн шугамаар ойт хээр, хээрийн бүсийн 5 аймагт хэрэгжсэн “Хот орчмын бэлчээр” төслийн хүрээнд бэлчээрийг гэрээгээр ашиглуулахаар санал тавихад төслөөр төлөвлөсөн тооноос хоёр дахин илүү малчдын бүлэг саналаа ирүүлснээс 386 бүлэгт бэлчээрийг нь гэрээгээр олгосон байна. Энэхүү төслөөр 4 улирлаар сэлгэж нүүдэг шинж чанарыг алдагдуулалгүйгээр төсөлд хамрагдах болон хөрш малчдын эрх ашигт нийцүүлэн аливаа зөрчил, маргаангүйгээр бэлчээрийг гэрээгээр олгож болохыг нотлон харуулсан байна. 2012 онд сонгодог говийн бүс болох Өмнөговь аймгийн Ханбогд суманд явуулсан судалгаагаар малчин өрхийн 78 хувь нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулахыг дэмжсэн, 10.8 хувь нь сайн ойлгохгүй, 9.7 хувь нь мэдэхгүй, 1.6 хувь нь дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна. Дэмжигчдийн эзлэх хувь 200-аас доош малтай өрхөд хамгийн өндөр, 400-аас дээш малтай өрхөд хамгийн бага байв. Бэлчээрээ гэрээгээр ашиглаж, хамгаалах сонирхол хөрөнгө  чинээнээс үл хамааран нийт малчдын хэрэгцээ болж,  гэрээгээр ашиглуулахад бэрхшээлтэй гэж үздэг говийн бүсэд ч шаардагдах болсныг энэхүү судалгаа харуулж байна.

III. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулан хил заагийг тогтоох нь олон улсын хүлэмжийн хийн зах зээлээс малчид ашиг хүртэх анхны алхам юм. Киотогийн протокол зэрэг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хөгжингүй орнуудын засгийн газар, хувийн секторын зүгээс хүлэмжийн хийн бууралтыг гаднаас худалдан авах зэх зээл үүсэж хөгжиж байгаа. Бэлчээрийн талхагдлыг багасгаснаар жилдээ 1 га бэлчээрт 2.16 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой, 1 тн хүлэмжийн хийн бууралт нь олон улсын зах зээл дээр 2-10 ам доллараар үнэлэгдэж байна. Манай орны нэг малчин өрх дунджаар 300 орчим хонин толгой малтай, үүндээ жилдээ 600 орчим га бэлчээр ашигладаг гэж үзвэл бэлчээрийн талхагдлыг бууруулснаар жилдээ 2600-13000 ам доллар олох боломж бий. Түүнчлэн манай орны бэлчээрийн 70 орчим хувь нь талхагдалд өртсөн гэсэн судалгаа байдаг бөгөөд үүгээр тооцож үзвэл улсын хэмжээнд жилдээ 345-1725 сая ам доллар олох боломжтой. Гагцхүү үүнийг ажил хэрэг болгох санаачилга, төрийн дэмжлэг дутаад байна. Хүлэмжийн хийн бууралтыг худалдан авагчдын зүгээс худалдагч этгээдийн ашиглаж буй газрын хил зааг, ашиг хүртэгч эзэн нь нэн тодорхой байхыг эн тэргүүнд шаарддаг. Харин бэлчээрийг нийтээр дундаа ашиглаж байгаа нөхцөлд энэ шаардлагыг хангахгүй юм.

Гэрээгээр ашиглуулснаар ямар эрх ашиг хохирох вэ

1.   Манай орны газар нутгийн дийлэнхийг эзэлдэг бэлчээрийг нийтээр дундаа ашиглах нэрийдлээр “уугуул эзэн” болсон малчдыг эрх зүйн чадамжгүй болгосон өнөөгийн тогтолцоонд бэлчээрийн газрыг хувийн болон салбарын явцуу эрх ашигт нийцүүлэн дур зоргоор олгох явдал газар авсан. Тухайлбал бэлчээрийн газраас тасдан авдаг гаднын болон үндэсний уул уурхай, аялал жуулчлалын компаниуд, үүнд нь үйлчилж “ашиг” хүртдэг төв, орон нутгийн албан тушаалтнуудын явцуу эрх ашиг хохирно.

2.   Өнөөгийн засаглалын хомсдолыг ашиглан бэлчээрийг сорчилдог, муутгаж хаядаг, ашиглалтаа дур зоргоор тэлдэг, үүнд нь өртөж хохирогчдын эрх ашгийг үл ойшоодог, орон нутгийн албан тушаалтнуудтай сүлбэлддэг нутгийн “тамгагүй ноёдын” эрх ашиг хохирно. Орон нутагтаа нөлөөтэй, шагнал ямбатай, ихэнх тохиолдолд манай түшээдийн очиж уулздаг, дуу хоолойг нь сонсдог, энэ утгаараа нийт малчдын дуу хоолой  мэт сонсогддог нэн цөөнхийн эрх ашиг яригдаж байгаа хэрэг. Өнөөгийн нийгмийн чинээлэг хэсгийн өвөрмөц төлөөлөл болсон олон тооны тавиул малтан иргэд, уяачид ч энэ ангилалд  багтан “хохирох“ магадлалтай.

3.   Монгол орны бэлчээрийн мал аж ахуй нь экологийн хувьд харьцангуй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ олон улсын зах зээл дээр өрсөлдөх өндөр чадавхтай. Түүний зэрэгцээ ашиг шим багатай бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлт, хотжилтыг дагасан эрэлтээс  хоцрох болсон, нөгөө талаас  малчдын малаа борлуулж, эргэлтэд оруулахад хойрго ханддагаас хот суурин газрын мах, сүүний хомсдол архагшиж, үнэ өссөнөөр энэ чиглэлийн  бизнест хөрөнгө оруулах  сонирхол нэмэгдэж, гаднаас өндөр ашиг шимтэй  мал гол төлөв “төрийн” дэмжлэгтэйгээр чимээгүйхэн оруулж ирэх нь нэмэгдлээ. Мал аж ахуйд хөрөнгө оруулах нь мэдээж бэлчээргүйгээр бүтэхгүй, ашгийн төлөө ажилладаг хувийн болон төрийн өмчийн компаниуд бэлчээрийг бас л үнэгүй, хамаад авах сонирхолтой. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулбал энэхүү ашиг сонирхол “хохирно”.  

Явцуу эрх ашгийг нийтлэг эрх ашигт нийцүүлэх буюу хохирогчийг хожигч болгох нь

1.   Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь малчдын ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн сонирхлыг хавчих бодлого биш юм. Харин ч байгалийн эрсдэлээс үл хамааран орлого, хөрөнгө нь тогтвортой нэмэгддэг, чанар, бүтээмж, өрсөлдөх чадвар нь сайжирсан тогтвортой хөгжил бүхий МАА-н салбар, малчдын тогтвортой амьжиргааг бий болно. Бүтээгдэхүүний тоо, чанарын өсөлт нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг дээшлүүлж, үнийн өсөлтөөс сэргийлнэ.

2.   Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь малчдын чинээлэг давхаргын эсрэг ч юм уу МАА-д хөрөнгө оруулалтыг шахаж хавчих гэсэн бодлого биш юм. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулахдаа одоо байгаа малын толгойн тоо, ашиглаж байгаа бэлчээрийг нь суурь болгох тул чинээлэг малчдын бэлчээрийн эрх ч нэгэн адил баталгаажиж хамгаалагдана. Гагцхүү өөрсдийн нөлөө, хэлхээ холбоог ашиглан бэлчээрийг сорчлон ашигладаг, дур мэдэн тэлдэг, бусдын эрх ашгийг хохироодог буруу практикийг халж, сайн засаглалын зарчимд нийцүүлэх юм. Сайн засаглал нь хууль дээдлэх, ил тод байх, эрх ашиг нь хөндөгдөгсдийн оролцоог хангах, тэдний өмнө хариуцлага хүлээдэг байх гэсэн гол дөрвөн зарчмыг л шаарддаг. Баян, ядуу, тавиул малтан, мал аж ахуйд шинээр хөрөнгө оруулагч хэн ч бай бэлчээрийн эрхээ тэлж л байгаа бол үүнээс болоод хохирогч байгаа эсэхэд ил тод үнэлгээ хийдэг, тэдний эрх ашгийг оролцуулж, харгалзан үздэг, хохиролгүй болгох асуудлыг л хуульчилна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсонд нийцүүлэн хуулийн хүрээнд ашиг орлогоо нэмэгдүүлж болдог, бусдын эрх ашгийг түүний дотор үе үеийнхний өмч болсон газрын чанарыг хадгалах төрийн эрх ашгийг дээдлэх зарчмыг л мөрдүүлнэ гэсэн үг. Энэхүү зарчим бэлчээрээс газар авч байгаа уул уурхай, аялал жуулчлал, барилга, дэд бүтцийн компаниудад нэгэн адил мөрдөгдөнө. Бэлчээрээ алдана гэдэг нь зөвхөн өвөлжөө, хаваржаагаар хязгаарлагддаггүй, улирлын болон отрын нөөц нутагт орох эрхээ хязгаарлуулсан, зам, шугамаар таслуулсан гээд олон хэлбэртэй бөгөөд үүнд өртсөн малчид хохирлоо барагдуулах эрх зүйн орчингүй байна. Тэдний хохирлыг тооцож, нөхөн барагдуулах нь жудагтай ямар ч салбар, бизнесийн энгийн ёс зүй болох учиртай. Дүгнэж хэлбэл зохицуулалтгүй орчинд амтшин доройтох “хохирогчдыг” сэхээрүүлж, хууль, шударга ёсонд нийцсэн хожигч болгох тухай л асуудал юм.

3.   Бэлчээрийн газар олгох, шилжүүлэх шийдвэрийг эрх мэдэлтнүүд дангаар гаргадаг цагт авилгын асуудал шийдэгдэхгүй болох нь өнгөрсөн болон одоогийн практикаар нотлогдоод байна. Иймд авилгад амташсан үйлдлээс улбаалсан бэлчээрийг гэрээгээр ашиглуулахын эсрэг ил, далд лоббид үл автан асуудлыг нэг мөр цэгцлэх нь нийтийн эрх ашиг юм.

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулахын эсрэг “хадны мангаа” ба үнэн учир

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулна гэдэг нь хувааж өгөөд, хашаад эхлэх юм, ингээд нүүдэл суудал байхгүй болж, довон дээрээ үхэх сэхэхээ үзэх юм байна, зөрчил, маргаан дэвэрч, бэлчээрийн мал аж ахуй устах нь  гэсэн буруу ойлголт санаатай болон санамсаргүйгээр энд тэнд хэлэгдэж, хадны мангаа шиг айлгаж явна. Энэ бол Монгол орны нөхцөлд таарахгүй, үндсээрээ буруу ойлголт. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулахын үндсэн зорилго нь өнөөгийн зохисгүй ашиглалтыг халж, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлдэг болгоход чиглэнэ. Энгийнээр хэлбэл малчид нэг дор хоригдох биш, харин дөрвөн өөр газар улирлын бэлчээр ашиглаж, ган, зудын үед нөөц нутаг ашиглах эрхийг нь албан ёсны болгон баталгаажуулж байгаа хэрэг юм.

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах зөв үзэл баримтлал нь дараах зүйлд оршино. Үүнд:

1.   Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг нэг загвараар хийх боломжгүй. Тухайн суманд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах асуудлыг гаднаас хүн ирээд хуваагаад өгөх биш, аль газрыг хэзээ, аль улирлын бэлчээрийг яаж гэрээгээр ашиглуулах вэ гэдгийг малчид өөрсдөө баг, сумаараа хэлэлцэж байж шийднэ.

2.   Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь түүнийг ашиглаж ирсэн шилдэг уламжлал, албан бус зөвшилцлийн механизмуудтай зэрэгцэн оршихоос биш тэдгээрийг бүрэн орлох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.  

3.   Бүх бэлчээрийг гэрээгээр ашиглуулахгүй. Ган, зудын үед ашиглах отрын нөөц нутгийг баг, сумын, аймгийн болон улсын хэмжээнд тогтоож, өмчлөгчийн мэдэлд байлгана. Отрын нөөц нутагт мал оруулахдаа түүний даацыг тооцон үзэж, даац хэтэрч, туурайн зуд болгохгүй байх зарчим баримтална.

4.   Манай орны дийлэнхийг хамрах бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутагт өвөл-хаврын бэлчээрийг хот айлаар, зун-намрын бэлчээрийг малчдын бүлгийн түвшинд гэрээгээр ашиглуулах боломжтой. Тухайн бүлэгт гэрээгээр ашиглуулах бэлчээрийн хил зааг доторх бүх малчин өрхийг заавал хамарсан буюу аливаа нэг өрхийг бүлэг (гишүүнчлэл)-ээс гадуур орхиж, бэлчээр ашиглах эрхийг нь хаан боогдуулахгүйгээр зохион байгуулж, маргаан зөрчлөөс сэргийлнэ. 

5.   Одоогийн ашиглалтыг аль болох хөндөхгүй байх, гэрээгээр ашиглуулах субъектийг малчны бүлгийн түвшинд шийдэх нь хэнд, хэдий хэмжээний  болон өрх, хот айл хоорондын хил заагийн эмзэг асуудлыг сөхөж үймүүлэхгүй байх практик шийдэл юм. Гэхдээ бүлгийн ашиглалтын бэлчээр дотроо малчин өрх, хот айл нь өөрийн өвөлжөө, хаваржаагаа эзэмшээд явна.

6.   Цаг агаараас хамааруулан жил бүр тогтоох бэлчээрийн даацад малын ачааллыг уялдуулах нь ашиглагчийн үндсэн үүрэг байна.

7.   Ган, зуд болсон нөхцөлд аргагүй нөхцөлд малчид бэлчээрийн даацаас хэтрүүлэлгүйгээр бусдын нутагт орох эрх эдэлж, бусдыгаа оруулах үүрэг хүлээнэ. Сумын захиргаа ч гаднын малыг оруулах зөвшөөрөл олгохдоо хэдэн мал оруулах бололцоотой болохыг гэрээгээр ашиглаж байгаа малчидтай урьдчилан зөвшилцөж байж шийдэх зарчим барина.

8.   Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зориулж бэлчээрийг малчдын бүлэг, иргэн, аж ахуй нэгжид гэрээгээр ашиглуулж, зах зээл, дэд бүтцийн шугам, сүлжээ дагаад хөгжиж эхэлж байгаа фермерийн аж ахуйнуудын газартай холбоотой асуудлыг нь эрх зүйн хувьд бүрэн шийдэж, хөгжилд нь түлхэц өгнө.

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь нийтийн эрх ашгийн эрхэм эрэмбэ

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулснаар:

1. Бэлчээр “эзэнтэй” болж, зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах хөшүүрэг бий болно.

2. Малын тоог бэлчээрийн даацтай уялдуулснаар зөвхөн малын тоог өсгөх биш харин харин эдийн засгийн эргэлтэд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ төлөвшинө.

3. Мал аж ахуйг чанар, бүтээмжид суурилсан тогтвортой хөгжлийн голдрилд оруулж, МАА-н өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж, үнийн өсөлтөөс сэргийлнэ.

4. Бэлчээрийн эдэлбэрээс бусад эдэлбэрт шилжихэд малчид, нутгийн захиргаа, мал аж ахуйн салбарын эрх ашгийг зохистой харгалздаг нөхцөлийг бүрдүүлнэ.

5. Монгол орны байгалийн бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, эдийн засгийг солонгоруулах гарцыг нээнэ.

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь ийнхүү амьдрал дээр хариугаа нэхсэн Монгол орны хөгжлийн тулгамдсан олон асуудлын шийд болоод байна. Энэ асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх нь нийтийн эрх ашигт бүрэн нийцэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна