Панамд хориг тавьж магадгүй

2016 оны 4 сарын 8

 

Европын холбооны нэгэн албан тушаалтан Панам болон бусад улс орнууд мөнгө угаах, татвараас зугатах хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллахгүй бол эдийн засгийн хориг тавина гэж мэдэгдлээ. Панамын Моссак Фонсека нэртэй хуулийн нэгэн компани гадаадын улстөрчдөөс авахуулаад урлаг соёлын алдартнуудын нэр дээр халхавч компани нэрийн дор оффшор данс байгуулсан 11 сая гаруй баримтыг дэлгэж, энэ жижиг улс хэрхэн татвараас зугатагчдын диваажин болсныг илчилсэн юм. Жинхэнэ эзэн нь нууц хэвээр үлддэг оффшор данс нь татвараас зугатах, мөнгө угаах, хээл хахууль авах гол хэрэгсэл болоод байна.

 

Өнгөрсөн ням гаригт олон нийтэд дэлгэсэн эдгээр баримт Исландын ерөнхий сайдыг огцруулсан юм. Харин Аргентин, Украины ерөнхийлөгч, Хятадын нөлөө бүхий улстөрчид, нэртэй жүжигчид, спортын алдартай тамирчид, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүрээлэлийнхэний оффшор дансны дуулиан шуугианыг олон нийт  анхааралтай ажиглаж байгаа билээ.

 

Дэвид Кэмерон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө татваргүй бүс дэх эцгийнхээ оффшор дансан дах хөрөнгө оруулалтаас ашиг олж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

 

ЕХ-ны эдийн засаг, санхүү, татвар, гаалийн асуудал хариуцсан  комиссар Пьер Московиси "Хууль зөрчсөн, бусармаг ийм явдлуудаас иргэд залхаж байна. Толгой эргэм их мөнгө, нэр холбогдсон эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг хараад цочирдсон” гэжээ.

 

Панам Европын холбоотой татварын асуудлаар хамтран ажиллах гэрээ байхгүй ч Пьер Московиси тус улсыг энэ статусаа эргэн харж, өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Хэрэв Панам энэ асуудлаар тодорхой өөрчлөлт хийхгүй бол ЕХ тохирох хориг арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.

 

Панамын Засгийн газар ч мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Татвараас зугатагчдын диваажин гэгдээд буй Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела тус улсын оффшор санхүүгийн үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангахын тулд олон улсын шинжээчидтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ Панамын Ерөнхийлөгч нэг компаниас болоод олон улсын хэвлэл улс орныг нь шударга бусаар дайрч доромжлохыг эсэргүүцсэн байна.

 

Дуулиан шуугианы гол зангилаа болоод буй Моссак Фонсека компанийн захирал Рамон Фонсека саяхан болтол ерөнхийлөгчийн зөвлөх байсан юм. Рамон Фонсека энэ бүх дуулиан шуугианы эцэст  “Манай компанийг хууль зөрчсөн гэж буруутгах ганц алдаа бол үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан явдал. Харин хамгийн том, нууц халхавч компаниуд АНУ, Европт бий” хэмээн Ассошиэтед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

 

Тэрбээр мөн "Хэрэв Английн нэг компанид иймэрхүү асуудал үүсвэл Английн эсрэг хэн ч дуугарч чадахгүй. Гэтэл Панам шиг жижиг улсын нэг компанийн асуудалд болохоор дэлхий нийтээр, хэвлэл мэдээлэлтэйгээ дайрч байна” гэсэн юм.

 

Роман Фонсекагийн хэлснээр компани нь жилд 20,000 халхавч компани байгуулдаг боловч гэнэтийн эд хөрөнгийн битүүмжлэлээс болж 70-80 үйлчлүүлэгч татгалзсан хариу өгдөг гэнэ.

 

Гэвч өнгөрсөн хугацаанд Моссак Фонсека шүүхэд нэг ч удаа дуудагдаж байгаагүй ажээ.

 

Европ бол Люксембург, Швейцари, Андорра зэрэг оффшор данс, банкны нууцлалын үйлчилгээ хамгийн өндөр түвшинд хөгжсөн орнуудын эх орон гэж болно.  АНУ-ын Вайоминг, Делавар зэрэг муж маш бага татвар авдаг эсвэл татваргүй учраас татвараас бултагчдын халхавч компани олон байдаг.

 

Панамын баримтууд гэх оффшор дансны 11 сая баримтыг Германы “Sueddeutsche Zeitung” сонинд нэрээ нууцалсан мэдээлэгч нэг жил гаруйн өмнө өгсөн бөгөөд тус сонин өнгөрсөн ням гаригт зөвхөн хэсгээс нь нийтэлсний дараа дэлхийн даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан.

 

Үйлчлүүлэгч, харилцагчдынхаа нууц мэдээллийг алдсан Моссак Фонсека системд нь хэрхэн хулгай орсныг шинжлүүлэхээр шинжээчдийг хөлсөн бөгөөд энэ хэргийг Европоос зохион байгуулсан гэж хардаж байгаа ажээ.  Харин Моссак Фонсека энэ хэргийг тус компанид ажиллаж байсан хүн хийсэн гэдэг таамгийг няцаасан юм.

 

Гэвч эдгээр баримтад Герман, АНУ-ын улстөрчдийн нэр байхгүй байгааг хэвлэлийнхэн сэжиглэж байгаа юм. Sueddeutsche Zeitung”-ын редакц хариуд нь эдгээр нууц баримтад АНУ-ын 200 орчим иргэний пасспортын дугаар болон тус улсад бүртгэлтэй 3500 орчим халхавч компанийн нэрсийн жагсаалт байгаа ажээ.

 

Оффшор дансны дуулиан шуугианаас болж нэр нүүр нь барагдаж эхэлсэн хүн бол Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон. Кэмероны гэр бүлийнхэний оффшор данс ил болсноос дөрөв хоногийн дараа Кэмерон Блэйрмор Холдинг нэртэй оффшор компанийн 31.500 фунт стирлингийн  (44,300 ам.доллар)хувьцааг 2010 онд ерөнхий сайд болохоосоо таван сарын өмнө худалдсан гэж мэдэгдсэн. Д.Кэмероны эцэг, Моссак Фонсека компанийн харилцагч 2010 онд нас барсан юм.

 

Хэдийгээр Д.Кэмероныг татвараас бултахын тулд оффшор компани байгуулсныг нотлох баримт байхгүй боловч дээрх баримт шударга ерөнхий сайд имижид сэв суулгаж орхисон.

 

Аргентины прокурор Ерөнхийлөгч Маурисио Макригийн оффшор дансны хэргийг мөрдөн шалгуулахаар шүүхэд хандсан бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгэд хоёр оффшор компанийн оруулаагүйн шалтгааныг тодруулахаар болжээ.

 

ОХУ-ын хувьд Ерөнхийлөгч В.Путин оффшор дансны дуулианд ямар ч холбогдолгүй гэж няцааж, эдгээр баримт нь ОХУ-ын эсрэг чиглэсэн АНУ-ын бодлогын нэг хэсэг гэж мэдэгдсэн юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна