Зуун айлыг хэзээ цэгцлэх вэ?

2016 оны 4 сарын 8

Төмөр хийц, хаяг реклам, хөшиг, матрасны төрөлжсөн худалдаа, жаазны үйлдвэр гэх мэт нүд гүйцэмгүй өнгө өнгийн хаяг угтах газар бол Зуун айл билээ. Зам дагуу байрлах худалдааны төвүүд бүргэд хаалга, вакум цонх, шил толь, будаг, замаскаа үүдэндээ өрчихсөн, хажуугаар нь өнгөрч буй хүмүүс төвөгшөөсөн байдалтай зөрж өнгөрч харагдана.

Шил өргөж яваа хоёр хүнийг гүйж явсан нэгэн залуу золтой л мөргөчихсөнгүй. Сандарсан залуу “Яарч явж байж өрөнд орох дөхлөө” хэмээн үглэв. Харин Ш.Оюунчимэг гэх эмэгтэй “Зуун айлын энэ хавиар ажил хөөцөлдөөд хэдэн өдөр явж байна. Машинууд нь зам дээр түгжрээд, явган хүний зам нь машины зогсоол болчихсон. Наймаачид нь барилгын материалаа гаднаа өрчихсөн болохоор явахад их хэцүү байна.” хэмээн ярилаа.

Явган хүний зам, талбайд барилгын захаар үйлчлүүлж буй иргэдийн машинаас гадна ачаа ачих “портер” машин их харагдана. “Халуун хуушуур байна. Хуушуур авах уу” хэмээн жолооч, наймаачдаас асуух эмэгтэй ч тааралдав.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь барилгын материалын бөөний төв болоод удаж байна. Энд Жоби, Зуун айл, Одкон зэрэг 125 томоохон худалдааны төв, вакум цонхны, төмрийн, блокны зэрэг 29 үйлдвэр ажиллаж байна. Барилгын төвүүдтэй зэрэгцэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, 138 мянган иргэн үйлчлүүлдэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн II эмнэлэг, тусгай сургалттай 116 дугаар сургууль, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг олон үйлчлүүлэгчтэй том газар энд бас байрладаг. Сүхбаатар дүүргийн  11 дүгээр хорооны Засаг дарга Х.Батжаргал “Хорооны нутаг дэвсгэрт улсын болон дүүргийн томоохон байгууллагууд төвлөрснөөс хулгай, дээрэм гарах тохиолдол их байдаг. Мөн манай хорооны Ахмадын хотхон дахь оршин суугчдаас чулууны үйлдвэрүүдээс тоосжилт их гарч байна гэж гомдоллодог” гэв.

Дүүргийн зүгээс энэ хэсэгт наймаа эрхлэгчдийг ил задгай бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг цэгцлэх үүднээс өнгөрсөн оны тавдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 218 тоот захирамж гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл энэ дүр зураг арилаагүй байна. Энэ захирамжаар гадна талбайд барилгын материал өрж тавихыг хориглосон юм. Харин энд худалдаа эрхлэгчид энэ захирамжид таатай хандахгүй байна. Бизнес эрхэлдэг иргэн Ц.Батбаатар “Иргэдэд хүндрэл учруулсан зүйл байхгүй шүү дээ. Бид хотоос хол байрлаж чадахгүй. Тэр холоос бараагаа зөөхөөс эхлүүлээд гэртээ харихад хүртэл хүндрэлтэй болно. Би энд шил,толь зардаг юм. Бараагаа урд хөршөөс оруулж ирсэн наймаачдаас бөөндөж авдаг” хэмээн бухимдангуй хариулав.

Зуун айл орчмыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараад таван жил болж байгаа хэдий ч нүүж суурьшуулах барилгын ажил одоогоор эхлээгүй байгаа төдийгүй чухам хааш нь нүүлгэн байршуулахаа ч бүрэн шийдээгүй аж. Урьдчилсан байдлаар галт тэрэгний зам тосч Налайх юм уу, Хонхор орчимд барилгын зах байрлах нь зөв гэж мэдээлж байсан.   Тус дүүргийн Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга Л.Амарзаяа “Зуун айл дахь барилгын материалын жижиглэн худалдааны бөөний төвүүдийг дагаад замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэх, хотын өнгө үзэмжид нөлөөлөх зэрэг асуудлууд тулгарч байна. Үүнтэй холбоотой гомдол, санал ч их ирдэг. Бизнес эрхэлж буй аж ахуй нэгжүүд ч өөрсдөө үүнийг мэддэг. Тиймээс ч хотоос гадна барилгын материалын нэгдсэн захтай болох ажил яригдаж байгаа” гэлээ.

Би хүүхдээ цэцэрлэгээс нь аваад энэ замаар харьдаг. Жишээ нь шил зүсдэг тавцангаа ил гаргаад тавьчихдаг. Гэтэл тэрэнд нь явж буй хүмүүс гэмтэх эрсдэлтэй шүү дээ. Нэг талдаа бизнес эрхэлж буй хүмүүсийн ажил, амьдралыг бодолцох хэрэгтэй. Гэхдээ зориулалтын талбайгүйгээс явган хүний зам дээр барилгын материалаа ил задгай өрчихдөг нь хүндрэлтэй байна” хэмээн Сүхбаатар дүүргийн 11 хорооны иргэн С.Ариунжаргал хэлж байлаа.

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна