Зуслангийн газрыг иргэд өмчилж эхэллээ

2016 оны 4 сарын 8

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн 26 амны 18216 нэгж талбайг иргэдэд өмчлүүлэхээр Улаанбаатар хотын захиргаа шийдсэн.

Өнөөдрөөс ирэх есдүгээр сарын 15-нийг хүртэлх хугацаанд зуслангийн газраа өмчлөх хүсэлтэй иргэдийг нийслэл, дүүргийн Өмч, харилцааны газарт бүртгэх юм. Хэрэв өөрийн биеэр очиж, цаасаар материалаа бүрдүүлэх боломжгүй бол www.Land.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлж болно. Өмнө нь нийслэлээс зарласан 52 байршилд газар өмчлөхөөр цахим сайтад хандаж, бүртгүүлсэн иргэд дахин мэдээллээ оруулах шаардлагагүй. Гэхдээ яаж нэвтэрч орох эсэхээ мэдэхгүй, нууц кодоо мартсан бол и мэйл хаяг болон утсанд ирсэн зурвасаа эргэн санаарай гэж Нийслэлийн холбогдох албаныхан зөвлөж байна. Одоогоор 600 гаруй мянган иргэний бүртгэл нийслэлийн Өмчийн харилцааны газарт бий. Харин өмнө нь цахимаар газар өмчлүүлэхээр огт хандаж, бүртгүүлээгүй болоод цаг хугацаагаа хэмнэж цахимаар бүртгүүлэх иргэд www.Land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан бүртгүүлж, газар өмчлөх хүсэлтээ бичих ёстой.

Зуслангийн бүсэд шинээр газар олгох бус хуучин зуслангийн газартай, эзэмших гэрчилгээтэй айлуудад өмчлөх эрхийг ийнхүү олгож буйг нийслэлийн Өмч, харилцааны газраас дахин онцолсон. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийсэн тооллогоор нийт 40 мянга орчим өрх зуслангийн газарт, суурьшиж амьдардаг. Сүхбаатар дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт есөн зуслангийн ам бий. Ам бүрт газрын ерөнхий төлөвлөгөө хийж баталсан. Нийт 40 мянга 059 гэр бүлийн хэрэгцээний газраас 21 мянга 483 нэгж талбарыг нь өмчлөх боломжгүй гэж нийслэлийн удирдлагууд тооцжээ. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах зуслангийн ам, газруудыг хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөд орж, батлагдсаны дараа  газрыг нь иргэдэд өмчлөх юм байна. 

Хуулиараа ойн зах, усны урсацтай газраас 100 метрийн зайд иргэд газар эзэмших, өмчлөх эрхтэй. Гэвч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн амуудад газартай иргэдийн ихэнх нь бусдынхаа орох гарах гарцыг хаасан эсвэл ойд, голын хажууд хашаа татаж, байшингаа барьсан зэрэг зөрчилтэй. Энэ тохиолдолд тухайн газрыг өмчлөхгүй боломжгүй аж. Хэрэв дээрх зөрчлөө арилгавал дараа нь газрын эзэмшлийн гэрчилгээг, өмчлөлийнхөөр сольж болох юм байна. Зуслангийн газраас гадна 2015 оноос өдийг хүртэл нийт таван удаагийн цахим газар өмчлөлийг явуулж, 71 мянган 165 иргэнд газар өмлчөх гэрчилгээг олгожээ. Удахгүй дахин 68 байршилд цахим газар өмчлөлийг явуулахаар зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг гаргаж буйгаа нийслэлээс мэдэгдлээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна