Албан тушаалаасаа татгалзахыг шаардлаа

2016 оны 4 сарын 8

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө.

Уг шаардлагад "Зандаахүүгийн Энхболд Та Монгол Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш 4 жил шахмын хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн.

Улсын Их Хурлын дарга нь нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.

Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулж, улмаар намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна” гэж, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ.

Улсын Их Хурал зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал Та 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан.

Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй ээлжит бус чуулган гэгчийг удаа дараа зарлан, ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой олон асуудлыг хэлэлцүүлэхээр тулгаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Ирцээ бүрдүүлж чадалгүй намын хурлаа цуцалдаг чадваргүй байдал тань Улсын Их Хуралд ч давтагдах боллоо. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байсаар нээлтээ хийж чадаагүй чуулган “хаалт-аа хийсэн тохиолдол болон төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд  цацлаа. Мөн Та “Эдийн засгийн форум”-ыг хааж үг хэлэхдээ төрийн хүнд үл зохих зан авир, үг яриагаа дахин давтаж ард түмэн, гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдууд, дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн өмнө АН, Монголын төрийн доройтлыг нотлон харууллаа. Бусдыг гүтгэж гүжирдэх, хуурч мэхлэх, доромжилж даажигнах явдал тань хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ байдлаа давтан харууллаа.

Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа. Энэ бүхнээс шалтгаалан Улсын Их Хурал хэрэг дээрээ ганц хүн санаа бодлоо бусдад тулгадаг дур зоргын газар болон хувирч, өөрийн тань энэ алхам цаашдаа улс төрийн хямралыг даамжруулах өдөөн хатгалга боллоо.

Улсын Их Хурал бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо. 

Эцсийн дүнд Та Улсын Их Хурлын даргын болон Ардчилсан намын даргын албан тушаалыг ашиглан Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг төрийн бүх байгууллагыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах аргаар төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож, эрх мэдлийн зохист хуваарилалт, ардчилсан ёс зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байнга уландаа гишгэж, Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ.

Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна" гэжээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна