Хааныг элэглэсэн мессежний дүрсийг арилгав

2016 оны 4 сарын 8

Тайландад вангийн гэр бүл хамгийн хаалттай, эмзэг сэдэв хэвээр байна.

Саяхан тус улсад мессеж аппликейшнд вангийн гэр бүлийнхнийг дуурайлгасан emoticon буюу сэтгэл хөдлөлийг харуулсан дүрс оруулсан даруйд устгасан гэнэ. Учир нь, Тайландын вангийн  гэр бүлийнхэнтэй холбоотой, ялангуяа сөрөг мэдээллийг вангийн нэр төрийг хамгаалах тухай хуулийн дагуу хатуу хянадаг ажээ.

Тайландын вангийн нэр төрийг хамгаалах тухай хууль нь дэлхий дээрх хамгийн хатуу заалттай хууль бөгөөд зөрчсөн тохиолдолд 15 жилийн ял оноодог байна.

Уг хуульд Тайландын ван, вангийн хатан, угсаа залгамжлагчид болон гэр бүлийн бусад гишүүний тухай ямар нэгэн сөрөг мэдээлэл, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглодог юм. Устгасан мессеж аппликейшний дүрсүүд вангийн гэр бүлийнхний нэр холбогдсон дуулиан шуугиан, цуу ярианаас сэдэвлэсэн, элэглэсэн хэлбэр дүрстэй байжээ. Тухайлбал, Тайландын вангийн хоббиг харуулсан саксафон тоглож буй дүрс байсан гэнэ.

“Line” мессеж аппликейшн нь хэрэглэгчид нэг нэгэндээ илгээж болох дүрстэй байдаг боловч хэрэглэгч ч бас өөрөө дүрс зохиох боломж олгодог ажээ. Харин Тайландын вангийн гэр бүлийнхэнийг элэглэсэн дүрсийг компани нь биш, нэгэн хэрэглэгч зохиосон байжээ. 63 жил төрийн эрх барьж байгаа Тайландын ван IX  Их Рама буюу Бумипол Адульядей өнөө амьд сэрүүн байгаа хаадуудаас хамгийн удаан төр барьж байгаа нь юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна