Зодолдох уу, тэврэлдэх үү

2016 оны 4 сарын 8

Харилцан зөрөлцсөн мэдэгдэл хийсээр байгаа эрх баригч Ардчилсан намын УИХ дахь бүлэг маргааш Их тэнгэрт цуглаж, сайн муугаа ярилцах нь. Өчигдөрхөн 26 жилийн ойгоо тэмдэглэсэн Ардчилсан нам фракцын толхилцооноосоо гарч чадахгүй сонгуульд орж ялагдах уу, толхилцооноо дуусгаж эрх баригч эрх мэдлээ хадгалан үлдэх үү гэсэн сонголтын өмнө ирээд байна. Ялагдал ямар гашуун болохыг Ардчилсан нам 2000 онд мах цусандаа шингэтэл ойлгосон. Өрсөлдөгч МАН /тухайн үеийн МАХН/ ч хатуу ойлгуулсан.

Маргааш Их тэнгэрт Ардчилсан намынхан цусаа гартал зодолдох уу, тосоо гартал тэврэлдэх үү гэдгийг өрсөлдөгчид нь чих тавин суух нь ойлгомжтой. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “нам дотор хагарал байхгүй” хэмээн мэдэгдлээ. Нэг намын атал цуглаан хүртэл зохион байгуулж, өөрийн намын хүмүүсийг сонгуульд битгий сонгоорой гэж уриалах, намынхаа даргын өөдөөс оймсоо тайлан шидэх, нэг асуудлаар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэх гээд эрх баригч нам элдэв сонинтой байгаа.

Мөн маргааш Нийслэлийн Ардчилсан намаас “Улаанбаатарын хавар” нэртэй арга хэмжээг зохион байгуулахаар өргөн бэлдэж байна. Маргааш Ардчилсан намынхан хэдийдээ баярлаж, хэдийдээ хуралдах юм бол?

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна