Зөрчилтэй барилгуудыг буулгаж, газрын зөвшөөрлийг цуцална

2016 оны 4 сарын 8

Улаанбаатар хотод барилга барих ажлаа эхлүүлсэн ч, зөвшөөрөлгүй, холбогдох зураг төслөө гаргаагүй, барилгын талбайгаа томсгож явган хүний замыг тагласан, газрын зөвшөөрөлтэй ч барилгын ажлаа эхлүүлээгүй нүх ухаад орхисон зэрэг зөрчилтэй 46 газар байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Кемпински зочид буудлын урд барилгын ажлаа эхлүүлсэн “Оld construction” компани барилгын хашаагаа явган хүний зам таглаж барьсан байжээ. Энэ бол барилгын компаниудын гаргадаг түгээмэл зөрчил.

Гэхдээ Барилгын тухай шинэ хуулиар мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил нь эхэлсэн ч тухайн объектыг нураах, газрын эрхийг цуцлах зэрэг эрхтэй болсон. Иймээс барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй мөртөө хууль зөрчиж барилгаа барьж буй компаниудын тухайн объектуудыг буцааж буулгана гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Харин газрын зөвшөөрлөө авсан ч нүх ухаад, барилгын ажлын түр талбай барьсан компаниудын зөвшөөрлийг нь хүчингүй болгож, ухсан нүхийг нь өөрсдөөр нь буцааж бөглүүлнэ. Хэрэв тухайн компаниуд нүхээ буцааж, бөглөх хөрөнгө, мөнгөгүй гэвэл улсын төсвөөс хөрөнгө гаргаж таглана. Дараа нь шүүхэд хандаж, барилгын компаниудаас тухайн газрыг хуучин хэвэнд оруулахад зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх юм байна.

Барилга барихаар ухсан ч эдүгээ “хогийн цэг” болон хувирсан газар нийслэлийн дүүрэг бүрт байгааг нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Энэ дундаас Баянгол дүүрэг хамгийн эхэнд бичигдэх аж. Учир нь, энэ дүүрэгт барилга барихаар ухсан 15 газар бүртгэгджээ. Харин Чингэлтэй дүүрэгт олон жил яригдаж буй ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн урд тал ухсан нүх жагсаалтыг тэргүүлж байна. Дипломат компанийн эзэмшилд буй энэ газрыг Гадаад хэргийн яамны захиалгаар барилга барихаар газрын зөвшөөрлөө авч байжээ. Гэвч дөрвөн жилийн дараа буюу өнөөдөр ч тус газарт хатгасан барилгын ажлын түр хашаа нь эхнээсээ эвдэрч, энд тэндээ онгорхой нүх гарсан. Барилгын ажил нь эхлэх байтугай ямар компани барилгын ажлыг гүйцэтгэх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байх юм. Иймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас найман жилээс дээш буюу 2008 оноос хойш эргэлтэд оруулаагүй газрын зөвшөөрлүүдийг шууд цуцлахаар болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна