Цагаатгалын комиссын үе үеийн дарга нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв

2016 оны 4 сарын 8

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог, тус комиссын гишүүд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын үе үеийн даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийг өнөөдөр /2016.04.08/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог нээж хэлсэн үгэндээ, одоогоос 25 жилийн өмнө тэр үеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 56 дугаар зарлиг гарган Монгол Улсын түүхэнд хар толбо болж үлдсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж, мөрдөж ажиллах дүрэм журмыг нь баталж байсныг онцлоод тус комиссын үе үеийн даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хамтын хүчин чармайлт, комиссын гишүүд, салбар комиссууд, ажлын албаны ажилтнуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн ачаар чамгүй олон ажил хийгдэж, тодорхой үр дүнд хүрснийг баримт дурдаж тэмдэглэлээ.

Тухайлбал, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан, нийслэл хотынхоо төвд Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө байгуулж хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон, хуулийн хүрээнд хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрөөс нэг удаагийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгож, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн зэргийг онцлон дурдлаа. 2015 оны эцсийн тайлан мэдээгээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийтдээ 31204 хүнийг цагаатгаад байгаа, мөн 18119 хүнд төрөөс 16 тэрбум 247 сая 400 мянган төгрөгийн нөхөх олговор олгосныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга дурдав.

Гэвч одоогийн байдлаар 2000 орчим хүний хэргийг шалгаж нягтлан цагаатгах эсэхийг эцэслэн шийдэх ажил хүлээгдэж байна. Гэтэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн “иргэдээс гомдол, нэхэмжлэл” хүлээн авч хянаж шийдвэрлэхтэй холбогдсон хоёр үндсэн заалтын үйлчлэх хугацаа дуусгавар болсон нь эрх зүйн гол хүндрэл учруулж байгаа тул хуулийн энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, удахгүй хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Дараа нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын анхны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй тус комиссын үе үеийн дарга нарыг төлөөлж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад 1990-ээд оны эхээр өрнөсөн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр нэг намын ноёрхлыг халж, олон намын тогтолцоонд суурилсан анхны ардчилсан сонгууль явагдаж, улмаар хоёр танхимтай парламент байгуулагдан ажиллаж эхэлсэн тэр түүхэн цаг үед улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн олон зуун хүний хэргийг шинээр авч үзэх шаардлага тавигдсан юм. Тиймээс БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 56 дугаар зарлиг гаргаж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Уг комиссыг БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргын хувьд миний бие удирдаж ажиллах хариуцлагатай үүрэг ногдсон.

Манай комисс Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан дүрмийг удирдлага болгож ажилласан. Урьд өмнө нь цагаатгалын асуудлуудыг хэд хэдэн удаа авч үзэж, тодорхой хүрээнд шалган цөөн хүний хэргийг цагаатгах шийдвэр гаргаж байсан баримт байдаг ч тэр нь улс төрийн нэг намын үзэл суртал, үзэмжийн дор явагдаж байсан нь нууц биш юм. Тиймээс 1990 онд байгуулагдсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хувьд асуудлыг цоо шинээр авч үзэх ёстой гэсэн зарчмыг анхнаасаа барьж ажиллаж байсныг онцлов. Мөн тэрээр 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллах хугацаандаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг нэр бүхий гишүүдийнхээ хамт санаачлан батлуулсан нь цагаатгах ажлын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн чухал алхам болсныг тэмдэглэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тус комиссын үе үеийн даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж /1990-1992 онд БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, тус комиссын даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын дэд дарга/, Ж.Гомбожав /1992-1996 онд Улсын Их Хурлын дэд дарга, комиссын даргаар ажилласан, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан/, До.Ганболд /1996-2000 онд Улсын Их Хурлын дэд дарга, комиссын даргаар ажилласан, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал/, Ж.Бямбадорж /2000-2004 онд Улсын Их Хурлын дэд дарга, комиссын даргаар ажилласан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга/, С.Оюун /2004-2005 Улсын Их Хурлын дэд дарга, комиссын даргаар ажилласан, Улсын Их Хурлын гишүүн/, Д.Лүндээжанцан /2005-2007 онд Улсын Их Хурлын дэд дарга, комиссын даргаар ажилласан, Улсын Их Хурлын гишүүн/, Д.Идэвхтэн /2007-2008 онд Улсын Их Хурлын дэд дарга, комиссын даргаар ажилласан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/ нарт улсын комиссын Хүндэтгэл өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын үе үеийн дарга нар дараа нь дурсгалын зураг татуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1996-1998 онд Улсын Их Хурлын дэд дарга, тус комиссын даргаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, тус комиссын даргаар ажиллаж байжээ. Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог тус комиссын арав дахь даргаар ажиллаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна