“Монгол Улсын Гадаад харилцааны тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2016 оны 4 сарын 8

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Монгол Улсын Гадаад харилцааны тухай” хуулийн төслийг өнөөдөр /2016.04.08/ Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, С.Оюун, Н.Энхболд, Д.Дэмбэрэл нар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.1-д “Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ”, 3.3.3.5-д “төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ” гэж, Гадаад бодлогын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 5-д “Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Хэдийгээр Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах зарчим, зорилт, арга хэмжээ бодлогын үндсэн баримт бичгүүдэд ийнхүү туссан боловч “уг асуудлыг зохицуулж байгаа эрх зүйн орчин нь хангалтгүй байгаагаас тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байна” гэсэн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг гаргасан байна. Энэхүү дүгнэлтийг үндэслэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор ийнхүү хуулийг төсөл боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Энэхүү хуулийн төсөлд Монгол Улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах талаар зарим өөрчлөлтийг хийсэн байна. Ингэхдээ өндөр дээд түвшний айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, олон талт гэрээнд нэгдэн орох, улс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой уулзалт, хэлэлцээрийг нэгдсэн журмаар төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусган боловсруулж, Засгийн газраар батлуулах, холбогдох байгууллагууд жил бүр гадаад арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулан, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан батлуулж, мөрдөж, тайлагнаж байх зохицуулалтуудыг тус тус тусгасан гэдгээ хуулийн төсөл санаачлагчид онцоллоо.

Түүнчлэн хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд АНУ, Канад, Словени, Итали, ОХУ, ХБНГУ, Болгар, Казахстан зэрэг орны туршлагыг авч үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна