17,000 долларын тамхины хайрцаг Че Гаварагийнх биш байжээ

2016 оны 4 сарын 8

 

Дуудлага худалдаанд 17,000 ам.доллараас дуудах гэж байсан Аргентины партизан Че Гаварагийн гэх тамхины хайрцгийг гэр бүлийнхэн нь түүнийх биш гэж мэдэгджээ. Дуудлага худалдааны менежерүүд тамхины хайрцгийг түүхийн баримт төдийгүй хувьсгалын партизаны даруу амьдралынх нь гэрч гэж тайлбарлаж байв. 

 

Гэвч дуудлага худалдаа болохын өмнө Че Гаварагийн өв хөрөнгийг хамгаалах, хадгалах үүрэгтэй Кубын институт тамхины хайрцаг түүнийх биш гэж мэдэгдсэнээр дуудлага худалдааг цуцалжээ. Энэ хэрэг архи, бикинигээс авахуулаад олон бүтээгдэхүүний зар сурталчилгаанд ашиглаж буй Че Гаварагийн зураг, нэрийн зохиогчийн эрхийг баталгаажуулдаг үр ач нарынх нь олон заргын зөвхөн нэг нь ажээ. Фидель Кастрог Кубад төрийн эргэлт гаргахад тусалсан хувьсгалын партизан Че Гавара тансаг хэрэглээ, бэлэг сэлтээс эрт татгалзаж, жирийн цэргийн цалингаар амьдардаг нэгэн байсан гэдэг. 

 

Английн дуудлага худалдаа зохион байгуулагчид навчин тамхи татдагаараа алдартай байсан Че Гаварагийн тамхины хайрцгийн олсон гэдэгтээ эргэлзэхгүй байжээ. 1963 оны зургадугаар сарын 14-нд Че Гаварагийн 35 насны төрсөн өдрөөр нь Кубын аж үйлдвэрийн яамнаас дурсгал болгон өгсөн тамхины хайрцаг дээр Че Гаварагийн гарын үсэг, тамга байсан гэнэ. Хайрцгийг Кубын нэгэн хувьсгалчийн хүү хадгалж байжээ.

 

Гэвч Че Гавара судлалын төвийн тэргүүн, түүний хүү Камилио уг тамхины хайрцгийг эцгийнх нь хэрэглэж байсан зүйл биш гэдгийг таньсан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна