“Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2016 оны 4 сарын 8

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас санаачлан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр “Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2016.04.08/ зохион байгууллаа.

Тус хуралд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор Ж.Эрдэнэбулган, Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн зөвлөх, Академич С.Нарангэрэл, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Академич Л.Болд, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар 2008-2015 онд нийт 112 хууль шинээр болон шинэчилсэн найруулгаар батлагдсан байна. Давхардсан тоогоор нийт 481 шинэ хууль зүйн нэр томьёо хуульчлагдсанаас 450 монгол, 31 гадаад нэр томьёо хуульлчлагдсан гэдгийг хуралдааны үеэр онцолсон юм.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж энэхүү хуралд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих “Хууль тогтоомжийн тухай” хуулийн талаар танилцуулга хийсэн. Тэрээр илтгэлдээ, “Хууль тогтоомжийн тухай” хууль батлагдсан нь хуулийн төслийг боловсруулах арга техник, бүтэц ямар байх стандартыг тодорхой болгох, өргөн барих үе шатыг илүү боловсронгуй болгосноороо ач холбогдолтой. Тухайлбал, хуулийн төсөл боловсруулахын өмнө тухайн хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах , олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, Хууль зүйн яам болон Улсын Их Хурлын Тамгын газраар хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийлгүүлэх зэрэг хэд хэдэн шинэ зохицуулалт орсон гэдгийг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна