Зам тавих, орон сууцжуулах стратегиас буцахгүй

2016 оны 4 сарын 8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөн энэ онд ямар ажил хийх талаар УИХ-ын гишүүн С.Оюун нар Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн тайлбарласнаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсөвт таван тэрбум төгрөг суулгасан байсан тул түүндээ багтаан тодорхой арга хэмжээ авч ажиллажээ. Үүний ихэнх нь цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхэд зарцуулагдсан байна. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр барих стратеги нь зам тавих, орон сууцжуулах аж.

Үүнээс өмнө уурын халаагуурыг гэр хороололд нэвтрүүлэх арга зам хайж буй бөгөөд үндэсний компани технологийн шийдлийг олсон тул Ерөнхий сайдын зүгээс гарааны эх үүсвэртэй болоход нь зориулж Хөгжлийн банкийг дэмжлэг үзүүл гэдэг чиглэл өгчээ.

Мөн өнгөрсөн хугацаанд 45 мянган айл өрх орон сууцанд орсон гэдэг мэдээлэл байгаа аж. Энэ энерцээрээ гэр хорооллыг орон сууцжуулж чадвал 2020 он гэхэд агаарын бохирдлыг шууд бууруулах боломжтой аж. Үүнтэй хамт тээврийн хэрэгсэл зорчих дэд бүтцийг сайжруулах шаардлагатай гэнэ. Авто зам сайжирвал тоосонцор багасна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Агаарын бохирдлыг бууруулсан улс орнуудын шийдэл нь инженерийн хангамж үйлчилгээтэй барилга учраас стратеги ийшээ чиглэнэ. Гэхдээ асуудал үүсэж байна, гэр хороололд дахин төлөвлөлт хийж байтал шинэ суурьшлын бүс дээр Төрийн орон сууцны корпораци орон сууц бариад салаа үзүүртэй юм болж хувираад байдал хүндэрсэн. Энэ мэтчлэн асуудал үүссэн тал бий” гэв.

Мөн холбогдох албаны хүний тайлбараар Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанд үндэслэж, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд агаар цэвэршүүлэх шүүлтүүрийг гэр хорооллын цэцэрлэгт тавина. Гадаад орчны агаарын бохирдлын мэдээлэл түгээдэг самбар байршуулна. Олон улсын байгууллагатай хамтарч агаарын бохирдлыг танилцуулж байдаг самбарыг дунд сургуулиудад байршуулна. Есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиуд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжинэ.

Цахилгааны татаас өгдөг болсноор гэр хорооллын иргэд түүнд хамрагдах сонирхол олноор ирүүлж байгаа тул цахилгаан шугам сүлжээний хүчин чадлыг нэмэх, алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллах юм байна.

Дээрх асуулгын хариуг сонсож дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Төв цэвэрлэх байгууламж хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож эхэллээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна