П.Нүрзэд: Баяраа тэмдэглэхийн сацуу хийсэн бүтээснээ дүгнэж, хийх ажлаа төлөвлөнө

2016 оны 4 сарын 8

“Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баяр маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ талаар зарим зүйлийг Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдээс тодрууллаа.


- “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын бэлтгэлийн талаар мэдээлэл өгнө үү. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

- Баярын бэлтгэл ажлаа ид хийгээд явж байна. “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баяраа маргааш “Буянт-Ухаа” цогцолборт гишүүд, дэмжигчидтэйгээ хамтран тэмдэглэнэ. Баярын арга хэмжээндээ намын 7000 гаруй гишүүнээ урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Ардчилсан нам 1990 оны дөрөвдүгээр сарын 7-9-ний өдөр анхдугаар хурлаа хийсэн. Манай намын Үндсэн дүрэмд намын анхдугаар хурал хуралдсан  дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тусгасан байдаг. Энэ жилийн хувьд баярын өдөр маань ажлын өдөр таарсан учир бид Бямба гарагт тэмдэглэхээр болсон юм. Цаашид энэхүү тэмдэглэлт өдрөө  “Улаанбаатарын хавар” нэртэйгээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байгаа.
Баярын өдөр болох арга хэмжээний тухайд гэвэл гишүүддээ намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнана. Сонгуулийн жил учраас урлаг, соёлын арга хэмжээ гэх мэт тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг  Сонгуулийн тухай хуулиар хориглосон. Тиймээс хуулийн хүрээнд баярын өдрөө тэмдэглэж өнгөрүүлнэ.

- Намын баяраа яагаад “Улаанбаатарын хавар” гэж нэрлэсэн юм бэ?    

- Хавар бол урин сайхан, ирж яваа цаг. Хавар бол ажил ундарч, бүтээн байгуулалт өрнөдөг үе. Манай намын баяр энэ л үед тохиодог. Тиймээс Нийслэлийн Ардчилсан нам “Улаанбаатарын хавар” нэртэйгээр баяраа тэмдэглэж байгаа юм. Баяр тэмдэглэхийн сацуу хийсэн бүтээснээ дүгнэж, хийх ажлаа төлөвлөнө гэсэн үг.  

- Баяраа угтаж гишүүд, дэмжигчдээрээ мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа үнэлүүлж, цаашид нийслэл хотод хийх ажлын талаар санал асуусан. Тэд нийслэлд хийсэн ажлуудад ямар үнэлгээ өгсөн бэ. Нийслэл хотод цаашид ямар ажил хий гэсэн даалгавар өгч байна вэ?

- Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл гишүүд, дэмжигчиддээ хандаж захидал бичсэн. Энэ захидлын хамт нийслэлд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас тэргүүлэх 9 чиглэлийн ажлыг дурдаж, алийг нь илүү үнэлж буйг, Улаанбаатар хотоо илүү сайхан болгохын тулд ямар ажил хийх ёстой вэ гэж асуусан асуулгыг дүүргийн намын хороодоор дамжуулан хүргүүлсэн байгаа. Гишүүд, дэмжигчид маань тухайн онцолсон ажлуудыг хэрхэн үнэлснийг, нийслэл хотод цаашид ямар ажил хийлгэх саналтай байгааг нэгтгэх, дүгнэх ажил ид хийгдэж байна. Маргаашийн арга хэмжээнд дүнг нь танилцууна. Урьдчилсан байдлаар харахад, “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, нийтийн тээврийн салбарт хийсэн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барьсан зэрэг ажлуудыг олон хүн үнэлсэн байна. Цаашид хийх ажлын тухайд янз бүрийн л санал бичсэн байсан. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээг тэлэхийг, түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөн хүрээтэй хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэг нэмж барих, цахим газар олголтыг ойр ойрхон зохион байгуулах, үйлдвэрлэл, ажлыг байр нэмэгдүүлэх зэрэг олон санал бичжээ. Мэдээж, энэ бүхнийг анхаарч ажиллана.
Энэ дашрамд, Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчиддээ намын баярын өдрийн мэнд дэвшүүлье. Маргааш болох баярын арга хэмжээндээ гишүүд, дэмжигчдээ идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна