Цэвэрлэх байгууламжийн лаг 30 тонн болж буурна

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Цэвэрлэх байгууламжийн лаг 30 тонн болж буурна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэнд, спортын сайдад хандан тавьсан асуулгаар үргэлжилж байна. Асуулгыг төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэдэг сэдвийн хүрээнд тавьжээ.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын “Авто машины захыг сэлгэн байршуулах асуудлаар Ардын намынхан их тоглолт хийж байгаа. Хот юу хийж байна вэ?” гэсэн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Авто худалдааны төвүүдийг зах руу нүүлгэн шилжүүлээч ээ гэдэг зүйлийг УИХ дээр ярьж байсан, тийм учраас Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж түүнийг хот хэрэгжүүлж ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 6375 авто машины зогсоолтой авто худалдааны цогцолбор барьсан. 14 метрийн өргөнтэй зам тавьж бэлэн болсон. Худалдаачид их дуртай байгаа. Улсын дугаар олголт, авто оношилгоо, таван бие засах газар, хүнсний дэлгүүр мөн барьсан. Гэвч Шударга өрсөлдөөний газраас хориг тавиад бусад газраас гомдол тавиад улс төржсөн юм болчихоод болдоггүй” гэж хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Б.Гарамгайбаатар аа, Да хүрээ зах дээр очиж чи худалдаачидтай уулзсан уу. Очиж уулзаагүй бол ингэж битгий ярь. Би тэнд очиж, худалдаачидтай уулзсан. Нэг л юм тэд ярьсан. Өмхий агаартай, өмхий үнэртэй газар, дэд бүтэц хийгээгүй газар луу нүүлгэх гээд байгаагаа эргэж хараач. Тус захынхан түгжрэлийг багасгах талаар нэлээн ажилласан юм билээ, битүү зах барьсан, зам барьсан. 12 мянган хүний аж амьдралыг залгуулдаг зах. Эдийн засаг хүнд үед албаар нүүлгэх ямар хэрэгтэй юм бэ. Шаардлагаа тавина л биз, эдийн засаг тогтворжтол бизнес хийж байгаа хүмүүсээ оролдохгүй бай. Хугацаагаа эргэж хар. Баруун талд хийгдсэн авто захын бүтээн байгуулалтыг очиж үзсэн. Үнэр тамтаггүй, маш хүйтэн. Ямар хортойг сая Шадар сайд хэллээ. Амьсгалын замын өвчин тусгана, раактай болно, харшилтай болно гэж байна. Ядаж өмхий үнэрээ янзал л даа. Хүний эрүүл мэнд чухал шүү дээ. Хортой химийг зогсоо зайгүй үнэрлэх нь эрүүл мэндэд маш хортой” гэв.

Э.Бат-Үүл: Бид бизнес хийх эрхийн төлөө тэмцэж хувьсгал хийсэн. Өөрсдийнхөө итгэл үнэмшлийн эсрэг хэзээ ч явахгүй. Яг үнэндээ авто худалдаа эрхлэгчид өөрсдөө санал гаргасан. Давхар түрээслээд мөлжөөд байна гэсэн. Бид санаанаасаа зохиогогүй. Иргэд мөн түгжрэл, агаарын бохирдлоо бууруулж өгөөч ээ гэсэн. Авто худалдааны бүх эзэмшигчтэй ярьсан. Төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн тухайд Шуурхай штаб гаргаад ажиллаж байна. Хоногт 730 гаруй тонн лаг гардаг, ирэх зургадугаар сарын 1-нээс 30 тонн лаг гарна. Хатааж байгаа лагийг хөндөхөөр үнэр гардаг. Их хэмжээний уусмал авчирч байна, туршиж байгаа, амжилттай байна гэлээ .

Нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр: Бизнесийн сонирхол орж ирж улстөржилт ороод Авто цогцолборын ажлыг зогсоох гацаах ажил эхэлсэн. Да хүрээ захынхан түрээслэгчиддээ нэг юм ярьдаг, намынхандаа бас нэг өөр юм ярьдаг. Монгол гэдэг хуульчтай уулзаж та нар яагаад эргэж буцаад байгаа юм бэ гэдийг хэлсэн.  Энэ зах бол олон улсын төвшинд төлөвлөсөн авто зах. Хятад, Унгар, БНСУ-ын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн, хэлцэл хийж байна.

УИХ-ын гишүүн С.Оюун “Төв цэвэрлэх байгууламж ямар өртөгтэйгээр хэзээ шинэчлэгдэх вэ. Арьс ширний ноос ноолуурын үйлдвэрийг хэзээ хотоос гаргах. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээгүй цагт Туул гол бохирдсоор л байх тул Засгийн газар Мянганы сорилын санд тавьсан хүсэлтэд гэр хорооллын бохир, агаарын бохирдлыг шийдэх чиглэлээр хүсэлтээ тавих ёстой. Энэ саналаа илэрхийлсэн үү, Агаарын бохирдол хүүхдэд яаж нөлөөлж байна вэ” гэдэгт хариулт хүслээ.

Албаны хүний тайлбараар Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих хүрээнд ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай 6 тэрбум төгрөгийг нийслэлийнхээ төсөвт тусгаад зураг төсөл нь бэлэн болжээ. Түүгээр 250 мянган куб ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж шинээр барих, хоёр дахь цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэхээр төлөвлөсөн байна. Шинээр барих цэвэрлэх байгууламжийг барих хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалт зарласан байна. Улаанбаатар хотын дунд малын гаралтай түүхий эд бэлтгэдэг 30 гаруй үйлдвэр бий аж. Тэдгээрийг Эмээлт орчимд төвлөрүүлэх зорилгоор арьс ширний үйлдвэрийн парк байгуулахаар дэд бүтцийн ажил хийх эхэлжээ.  

Туул голыг цэвэрлэх зорилгоор 2012 оны намраас төсөл боловсруулсан ч Төв цэвэрлэх байгууламж доголдолтой байгаа үед хөрөнгө гарган Туулыг цэвэрлэх нь үр дүн муутай тусах хойшлогджээ. Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж ашиглалтад оруулах хүртэл Туул голыг цэвэрлэх ажил хойшилсон байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъябазар: АСЕМ-тай холбоотойгоор цэвэрлэх байгууламжийг цэгцлэх ажил хийгдэж байгаа гэж сонссон. Нийслэлийн 1.3 сая иргэн үнэрт их бухимдаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжаас 425 мянган тонн лаг гардаг гэсэн мэдээлэл бий. УИХ-ын эмэгтэй гишүүд санаа тавьж, төсөвт 8.1 тэрбум төгрөг тавиулаад үнэрийг зохицуулах гарц илэрхийлж байгаа гэж ойлгосон. Лагийг хэдий хугацаанд шийдвэрлэх боломжтой вэ. Нийслэлийн эрүүл мэндийн газар иргэдээ агаар, хөрсний бохирдлоос хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ. Ундны устай холбоотой асуудлыг тодруулах шаардлага байна. Сонгинохайрхан дүүргийн иргэд зөөврийн ус хэрэглэж байна. Худгийг нь шийдэж өгөх боломж хэр байна вэ. Зөөврийн ус зардал өндөртэй гэж сонсогдсон. Зөөврийн усыг иргэдэд хүргэхэд нэг удаадаа 60 мянган төгрөгийн зардал гардаг, иргэдэд худалдахаар 6000 төгрөг болдог. Алдагдлыг хэн хариуцаж байна вэ. Цэвэрлэх байгууламжтай холбогдоод авто машины худалдаа эрхлэгчдээс хүсэлт ирсэн. Үнэрийг шийдэж өгөөч, худалдаа эрхлэх дэд бүтцийг бий болгож өгөөч гэж.  Авто худалдааны төвтэй болох нь зөв гэж үзээд 130 мянган га газрыг дэмжиж өгч байсан. Сонгинохайрхан дүүрэг татварын бааз суурь муутай учраас энэ чиглэлээр ажил хийж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бизнес эрхлэгчдээ ая тухтай орчинд ажиллах боломжийг олгох хэрэгтэй байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар: Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудал АСЕМ хуралдахаас өмнө шийдэхээр ажиллаж байгаа юм билээ. Тодорхой санхүүжилтийг хөнгөлөлттэй шугамаар шийдэж үнэрийг эхний ээлжинд шийдэх юм байна гэсэн ойлголттой байгаа. Иргэд эрхээ хамгаалан тэмцэж чаддаг нөхцөлд хотын бохирыг шийднэ. Төв цэвэрлэх байгууламж хүн амын эрүүл мэндэд үнэхээр ноцтой нөлөөлж байгаа. Жишээ нь, 2000 онд амьсгалын замын өвчин 10 мянган хүн тутмаас 791 хүн өвчилдөг байсан бол , 2014 онд 1579 болж нэмэгдсэн. Ийм учраас ард иргэддээ бодит байдлыг үнэн зөвөөр хэлж хамгаалах асуудалд анхаарлыг нь хандуулах ёстой.  

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын газар нутгийн 78 хувь нь гэр хороолол. Хотын дарга болсноосоо хойш гуйсан юм, гэр хоролол руу бүх фоксоо чиглүүлье гэсэн. Мөн нутаг дэвсгэрийн 78 хувь дээр тоос бужигнаж нийгмийн амьдрал явж байна. Тоос бол маш аймшигтай байгаа. Ийм учраас аль болох хурдан хугацаанд гэр хорооллоо барилгажуулах. Ус зөөж байгаа асуудал төвөгтэй. Ус суваг алдагдлыг хариуцдаг. 7 төгрөгийн зардлаар гаргасан усаа 1 төгрөгөөр зардаг. Зөрүүг нь Ус суваг гаргадаг. Бизнесийн орчны тухайд хэд дахин илүү сайн болсон.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж