Хар тамхи борлуулдаг бүлгийг илрүүлжээ

2016 оны 4 сарын 8

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т,Э нарын 14 хүнийг илрүүлжээ. Өнгөрөгч Мягмар, Лхагва гаригт илрүүлсэн байна.

Эдгээр 14 этгээдээс тест тавин шалгахад иргэн Э-гээс бусад нь хэрэглэсэн нь тогтоогджээ.

Шалгалтын ажиллагааны хүрээнд дээрх этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13.7 гр мөс хураасан байна. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байгаа юм байна. Эдгээр саатуулагдсан этгээдүүдэд Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Монгол улсын иргэн Т, А нар өнгөрөгч Мягмар гаригт Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт иргэн Ж, Ч, Г нарт мөсийг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зочид буудал дотор иргэн Ж, М нар нь 0.5 гр хэмжээтэй мөс хэрэглэж байх үед нь баривчилжээ. Харин иргэн О, Б, М нарыг мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт NISSAN маркийн суудлын автомашинд мөс авч явсныг илрүүлжээ. Харин иргэн Ч, Г, И нарыг  мөн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашинд 0.4 гр хэмжээтэй мөс хэрэглэж байх үед нь үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байна. Харин иргэн Э-гийн гэрээс их хэмжээний мөс хураан авчээ.

 Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна