Мьянмар улс төрийн хоригдлуудыг суллав

2016 оны 4 сарын 9

 

Мьянмарын шинэ Засгийн газар эхний шийдвэрээ гаргаж, улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ. Тус улсын хэвлэлээр мэдээлснээр үзвэл өнгөрсөн жил боловсролын системийн реформ явуулахыг шаардсан оюутнуудын жагсаалын үеэр 60 гаруй оюутныг баривчилсан ажээ. Мьянмарт голдуу уламжлалт шинэ жилийн баярын өмнө хоригдлуудад өршөөл үзүүлдэг боловч энэ удаа шинэ Засгийн газрын эхний шийдвэр нь улс төрийн хоригдлуудыг суллах байв.

 

Суллагдсан хоригдлуудыг иргэд цэцэг барин угтан авсан гэнэ.

 

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр цэргийн хунтын дэглэм ноёрхсон засгийн газар өнгөрсөн сард Ан Сан Су Чигийн Ардчилалын төлөөх үндэсний лиг намд халаагаа өгөхөд тус улсад улс төрийн 100 гаруй хоригдол хоригдож байв.

 

Улс төрийн хоригдлуудыг суллах шийдвэр гаргасан Мьянмарын шинэ Засгийн газрын шийдвэрийг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд талархан хүлээн авч, Мьянмар хүний эрхийн төлөө том алхам хийлээ хэмээн мэдэгдсэн байна.

 

Эмнести интернэшнл байгууллагын Мьянмар дах хүний эрхийн судлаач Лаур Хэй Мьянмарын Засгийн газрын энэ алхам улс төрийн баривчилгаа, хилс хэргийг зогсоох чухал нотолгоо боллоо. Хилс хэргээр хоригдсон хүмүүс  эрх чөлөөтэй болж байгаад бид баяртай байна” гэжээ.

 

Мьянмарын засгийн эрхэнд ноёрхож байсан хунтын дэглэмийн үед ардчилалын төлөө тэмцэгч Ан Сан Су Чиг олон жил гэрийн хорионд оруулж, хунтын дэглэмийг эсэргүүцсэн хэдэн зуун хүнийг улс төрийн хэргээр шоронд хорьсон байдаг. Мьянмарын өмнөх засгийн газар 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш 1,100 гаруй улс төрийн хоригдлыг сулласан билээ.

 

Мьянмарын ерөнхийлөгчтэй дүйцэхүйц эрх мэдэлтэй төрийн зөвлөх Ан Сан Су Чи ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг суллах нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байсан гэсэн байна.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна