Умард Солонгос шинэ баллистик пуужинтай болов

2016 оны 4 сарын 9

 

Умард Солонгос тив хоорондын шинэ баллистик пуужингийн системийн туршилт нь амжилттай болсон гэдгийг өнөөдөр мэдэгджээ. Умард Солонгосын дарангуйлагч удирдагч Ким Жон Ун туршилтын явцыг нүдээр харж, АНУ-ын империалистууд болон тэдний холбоотнуудад барих бас нэг цөмийн зэвсэг бэлэн боллоо гэж хэлснийг тус улсын мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.

 

Умард Солонгос тив хоорондын баллистик пуужингийн системийг анх удаа туршиж байгаа нь энэ юм. Шинэ баллистик пуужингийн системийн туршилтыг тус Тончан-ни дах Сохэ сансрны судалгааны төвд явуулсан байна. Энд өнгөрсөн хоёрдугаар сард хориотой баллистик пуужингийн технологи ашиглан алсын тусгалт пуужин хөөргөсөн юм.

 

Умард Солонгос энэ оны эхээр дөрөв дэх удаагаа цөмийн туршилт явуулснаас гадна устөрөгчийн бөмбөг туршсан нь ирэх сарын эхээр намын их хурлыг хуралдуулахаар төлөвлөж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

 

Намын их хурлыг угтаж, Ким Жон Ун өөрийн дайсан АНУ болон барууны холбоотнуудыг удаа дараа заналхийлж, тэнгис рүү пуужингаар харвасны хариуд олон улсын зүгээс Умард Солонгосын эсрэг шинэ шинэ хориг арга хэмжээ авсан юм.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна