Ирцгүй чуулган

2016 оны 4 сарын 10

Хаврын чуулган эхлээд долоо ч хоноогүй байтал хууль тогтоогчдын хурлаа тасалдаг зан нь сэдрэв. УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан 10 гаруй гишүүний ирцтэйгээр эхэлсэн ч уван цуван гарч явсаар асуулт тавьсан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, С.Дэмбэрэл, хариулт өгсөн сайд Н.Батцэрэг, хурал удирдсан УИХ-ын дарга З.Энхболд дөрөв үлдэж чуулганаа өндөрлүүлэв. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай, одоогийн бүрэлдэхүүнээр зургуулаа сууж хууль батлах нөхцөл бүрдчихээд байна гэж матрын нулимс унагасан нөхдөөс нэг нь ч энэ хуралдаанд оролцсонгүй. Хэрвээ дээрх чуулганаар сайд огцруулах, Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцсэн бол хэдэн талаасаа цуглан хэл амаа билүүдэж суух байсан даа.

Ердөө хоёр сарын дараа УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тэр үед хууль тогтоогчид сонгогчдын өмнө очоод юу ярих бол. “Намайг сонгоод өгөөрэй, Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд аюул учруулж байна. Төв цэвэрлэх байгууламжийн үнэр бидний үр хүүхдийг хордуулж байна” гээд л урнаар донгодно доо. Тэгээд бас ичихгүй 76 гишүүнийг нэмэх шаардлагатай гэдэг “үлгэр” ярина, харж л байгаарай. Хэрвээ тэд үндсэн ажлаа хийдүүлэхгүй хуралдаа суудаг байсан бол зургаан гишүүн сууж хууль батлахгүй.

Хэдийгээр Засгийн газрын цагт гишүүдийн ирц хамаардаггүй ч энэ өдрийн үдээс хойших чуулганаар УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Сумъяабазар нараас нэр бүхий сайд нарт хандан тавьсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, Төв цэвэрлэх байгууламжийн доголдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад Засгийн газар, Улаанбаатар хотоос ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа, Туул голыг бохирдлоос хамгаалахын тулд юу хийж байна вэ зэрэг монгол хүн бүрийн эрүүл мэндтэй холбогдох чухал асуудлыг хэлэлцэв. Гэтэл хууль тогтоогчид “Асуулга тавьсан гишүүд нь асуудлаа сонсдог юм байгаа биз. Бидэнд ямар хамаатай юм бэ” гэсэн шиг хандлага гаргалаа. Уучлаарай, энэ бол зөвхөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, С.Оюун нарт хамаатай асуудал биш болж хувирчээ, бүр ужгирч байна.

Сайд нарын мэдээллээр агаарын бохирдол эхийн урагт нөлөөлөөд зогсохгүй монгол хүний эрүүл мэндэд аюул учруулсан хэвээр байна. Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр ч аюул дагуулж байна. Тухайлбал, Хан-Уулын цэвэрлэх байгууламж орчмын 163 айлын оршин суугчдын дунд цэвэрлэх байгууламжаас гарах үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл, мэнд, спортын яам хамтран судалгаа хийжээ. Судалгаагаар иргэдийн 43 хувь нь элэгний үрэвсэл, 47 хувь нь бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчинтэй байна гэсэн дүн гарч. Лагын үнэр ойр орчимдоо ямар аюул дагуулдгыг мэргэжлийн байгууллагууд ийн дүгнэжээ. Хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж судас нарийсгах, үүнээс болж толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, чээж давчдахаас гадна нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж тэмдгийг үзүүлдэг гэжээ. Харамсалтай нь, төв цэвэрлэх байгууламжтай хаяа нийлэх шахам амьдарч буй иргэд, мөн тус цэвэрлэх байгууламжид ажилладаг иргэдийн амь нас эрүүл мэнд ийм аюултай нөхцөлд байгаа ч үүнийгээ бараг мэддэггүй, төрийн иргэнээ хамгаалах дархлаа сул байна. Хотын зүгээс АСЕМ эхлэхээс урьтаж өмхий үнэрийг дарахын тулд лагыг хатаах туршилтыг хийж буй бол шинээр төв цэвэрлэх байгууламж барих ажил Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулснаар хязгаарлагдаж байгаа юм.

Лагын үнэр хүний эрүүл мэндэд хортой учраас “Да хүрээ” захын авто машины худалдаа эрхлэгчдийг Сонгинохайрхан дүүрэгт барьсан Авто худалдааны төв рүү нүүлгэх оролдлого ч эсэргүүцэлтэй тулах болж. Ченжүүд “Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дараагүй цагт шинээр байгуулсан авто худалдааны төвд очих боломжгүй” гэдгээ илэрхийлэх болсон байна. Олон улсын жишгээр хот дотроо авто машины зах ажиллуулдаг улс орон байдаггүй, мөн оршин суугчдын зүгээс худалдааны төвийг нүүлгэх саналыг хүргүүлснийг  хот хүлээн авч, олон улсын жишигт хүрсэн Авто худалдааны төвийг нийслэлийн баруун зүгт байгуулсныг буруутгах аргагүй ч хүний эрүүл мэнд мөнгөөр хэмжиж болшгүй үнэтэй учраас асуудлыг тал талаас нь харж, асуудлаа шийдэхэд анхаарах цаг болжээ.

Хууль тогтоогчид хуралдаа сууж, эргээд уулзах нүүртэйгээр иргэд, сонгогчидтойгоо уулзвал дээрсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын отгон чуулган хуралдаж байгаа шүү.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна