Бизнесгүй Ж.Мөнхбат

2016 оны 4 сарын 10

МАН-д ардаа бизнесгүй улстөрч ховор ч тус намын “гал тогоог” барьдаг ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нь бизнесгүй аж. Аав, ээжээс заяасан авьяасынхаа хүчээр кино хийж, сонсдог ном гаргадаг юмдаг уу даа.

Гурван жилийн өмнө түүнийг Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход нь “Ардаа ч том татуургатай байна даа” гэж хардах хүн цөөнгүй байсан. Харин тэрээр MN-25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “Нэг ч  төгрөг зарцуулалгүй үнэнээ хэлээд ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Би түрүүн эрх ашгийн эрэмбэ гэж ярьсан даа. Хамт олон чинь, эх орон чинь ямар даалгавар өгч байна чи үгүй гэх эрх байхгүй. Энэ зарчмын үүднээс би МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон.  Бусдыг итгэлээр нь, айдсаар нь, шуналаар нь удирдах гэж юм бий. Айдас, шуналаар удирдах нь зүй бус. Итгэл, зүтгэлээр нь удирдах нь үнэ цэнэтэй, хэний ч өмнө хэлэх үгээ хэлж чаддаг, өөрийнхөөрөө байж чаддаг. Миний ард юу байхав дээ, бизнес ч байдаггүй. Шүлэг бичдэг, кино хийдэг, сонсдог ном гаргадаг.

Намайг хүмүүс яруу найрагч, шүлэгч л гэдэг юм. Мэргэжил маань улстөр судлаач юм шүү дээ. Яруу найраг бол миний аав, ээж бурхнаас өгсөн бэлэг” хэмээн ярьжээ.

Мөн тэрээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдлийн тухайд “Авлигатай тэмцэж байгаа мэт жүжиглэж байна гэж Ерөнхийлөгч рүү Н.Алтанхуяг гишүүн хандсан байна билээ. Би нэг юмыг гайхаад байна, 2009 оноос хойш МАН-аас их олон хүнийг барьж хорьсон. Тэр байтугай манай намын нэг гишүүн эмнэлгийн тусламж авч чадахгүй хорих ангид амь насаа алдсан эмгэнэлт хэрэг болсон. Тэр бүгдэд энэ хүн авлигатай тэмцэж байгаа л гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр төмөр замын хэрэг л гэнэ, нүүрс хөтөлбөрийн хэрэг л гэнэ, Дэнзэнгийн хэрэг л гэнэ, утаа гээд баахан мөнгө төгрөгтэй холбоотой хэрэг босоод ирэхээр хэлмэгдүүллээ гэж яриад байх юм. Шударга байя гэдэг зарчим алинд нь нийцээд байгаа юм. Ардын намынхныг барьж хорихоор шударга авлигатай тэмцдэг, Ардчилсан намынхныг шалгаад асуудлыг нь ярих гэхээр ардчиллыг хэлмэгдүүллээ гэдэг юмаа болих хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэх бол Х.Баттулга хэн, хэн байдаг юм шалгуулах хэрэгтэй” гэсэн байна.

Дэлгэрэнгүй ярилцлагыг  дараах линкээс үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна