Жишиг коллежтой боллоо

2016 оны 4 сарын 10

БНСУ-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол-Солонгосын политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, мэргэжлийн лабораториудыг хүлээж авах ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо. Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,  БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын суурин төлөөлөгч хататай Пак Сүён болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Шинэ сургуулийн нээлтийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт төдийгүй хөнгөн үйлдвэрийн салбарт тод үсгээр тэмдэглэгдэх томоохон үйл явдал хэмээн үнэлээд “Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг 2010 онд үзэглэснээс хойш амжилттай хэрэгжсэн энэ төслийн хүрээнд Монгол-Солонгосын политехник коллеж шинэ байрнаас гадна  орчин үеийн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан мэргэжлийн лабораторитой болж буй юм. Мөн Монгол-Солонгосын Политехник коллежийн мэргэжлийн багш нар БНСУ-ын Дэрим их сургуулийн багш мэргэжилтнүүдийн оролцоотойгоор сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг амжилттай боловсруулсан нь салбартаа үлгэр жишээ болохуйц болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр бид БНСУ-ын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын технологи, туршлагаас хуваалцан улмаар багш, удирдах ажилтны чадавхийг нэмэгдүүлэх мөн Улаанбаатар хотод загвар политехник коллеж байгуулан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын загвар орчин бүрдүүлэх, Монголын хөдөлмөрийн зах зээлд чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах, практик сургалт болон үйлдвэрийн дадлагын уялдаа холбоог сайжруулах төслийн зорилгыг амжилттай хэрэгжүүлж чадлаа” хэмээсэн.

Сайд хэлсэн үгэндээ “Монгол-Солонгосын политехник коллежийн чадавхийг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин чармайлт, хөрөнгө хүч гарган оролцсон Солонгосын ард түмэн, БНСУ-ын Засгийн газар, КОЙКА Олон улсын байгууллага, Дэрим их сургууль, Монгол-Солонгосын политехник коллежийн хамт олон болон төсөлд хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ.

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн дагуу Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилтээр “Монгол-Солонгосын Политехник коллежийн чадавхийг бэхжүүлэх” төсөл хэрэгжсэн. 2010 оны наймдугаар сард талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар зургаан жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн уг төслийн хүрээнд  Монгол-Солонгосын политехник коллежийн өргөтгөлийн зураг төсөл, барилгын нийт төсөвт  2.4 сая ам.доллар төсөвлөгдсөн бөгөөд гурван давхар бүхий нэг, хоёр давхар бүхий нэг блок хичээлийн байр, 350 хүний суудалтай соёл урлагийн заал, нийт 4266 ам метр талбай бүхий барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн төдийгүй автын цахилгаан, мэдээллийн технологи, хувцас загвар, интерьер дизайн, гагнуур, халаалт, агаар сэлгэлт зэрэг зургаан  мэргэжлийн лабораторийн тоног төхөөрөмж, сургалтанд ашиглагдах бүхий л хэрэгслүүдийг нийлүүлсэн.

Төслийг хариуцан хэрэгжүүлэгч байгууллага нь Хөдөлмөрийн яам. Төслийн нийт өртөг 5,7 сая ам,доллар байв.

Энэхүү төслийн зорилго нь БНСУ-ын Техникийн болон Мэргэжлийн боловсрол, сургалтын технологи, туршлагаас хуваалцан улмаар багш, удирдах ажилтны чадавхийг нэмэгдүүлэх мөн Улаанбаатар хотод “Загвар политехник коллеж”-ийг байгуулснаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын загвар орчин бүрдүүлэх, Монголын хөдөлмөрийн зах зээлд чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах, практик сургалт болон үйлдвэрийн дадлагын уялдаа холбоог нэмэгдүүлэх бөгөөд зорилгоо амжилттай биелсэн хэмээн талууд дүгнэж буй юм.

Төслийн хүрээнд Монгол-Солонгосын политехник коллежид БНСУ-ын Дэрим их сургуулиас багш мэргэжилтнүүд ажиллаж сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг тус сургуулийн мэргэжлийн багш нарын хамт боловсруулсан байна. Сургалтын төлөвлөгөө нь аюулгүй орчин, хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангасан сургалт болон урт хугацааны хөгжил цэцэглэлтийг төлөвлөхийн тулд алсын хараа, хэтийн зорилтыг тусгасан МСПК-ийн хөгжил, нийгэмд эзлэх байр суурийг харгалзан төлөвлөсөн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна