Талархал

2016 оны 4 сарын 11

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвтэй нь уялдуулж бодлогын хүрээнд гаргасан шийдвэр болох Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн тухай хууль, түүний хүрээнд баталсан журмууд, зохицуулагдаж буй харилцаа нь Монгол банкны зүгээс барилгын салбарыг дэмжих, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх, улмаар сэргээх тал дээр авч ирсэн чухал арга хэмжээний нэг гэж барилгын салбарын хамт олон зүй ёсоор үнэлж, талархаж байна. Анх 2013 онд ипотекийн санхүүжилтыг урт хугацаанд тасралтгүй хэрэгжих, тогтвортой тогтолцоо бүрдүүлэх үндсэн зорилготой эхлүүлсэн бөгөөд стандартын шаардлага хангасан орон сууцны барилга олноор баригдаж, нийлүүлэлт нэмэгдсэн нь мөнгөний бодлогын хүрээнд явуулсан бодлогын үр дүн юм.

Эдийн засаг тогтворжих тод дохионы нэг болох инфляцийн түвшинтэй уялдуулж иргэдэд орон сууц худалдан авахад нь жилийн 5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарч, хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд 2016.04.04-ний өдрийн байдлаар банкууд 3392 иргэний 205.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 924 иргэний 5%-ийн хүүтэй 43.4 тэрбум төгрөгийн, 1603 иргэний 8%-ийн хүүтэй 104 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Ийнхүү, сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ шатанд гарсан боловч, эдийн засгийн хүндрэлээс үүдэн эргүүлэн татаж авахад хэцүү болтлоо унасаар байсан барилгын салбарыг аврах, үүгээр дамжуулан улс орныхоо эдийн засгийг сэргээх чухал алхам, мэргэжлийн түвшний маш зөв шийдвэрийг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гаргалаа.

Манай Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт саарч, түүнийг дагасан бизнес зогсонги байдалд орж, олон хүний ажлын байр хумигдаж буй энэ цаг үед Монгол банкнаас мөнгөний бодлогын хүрээнд авсан дээрхи арга хэмжээ нь барилгын салбарт ажилладаг 100,000 орчим ажиллагсад ажилтайгаа үлдэж, тэдгээрийн ар гэр, мөн өнөөдөр орон сууц худалдан авах шаардлагатай, хүсэлтэй байгаа 100,000 Монгол өрхөд амьдрах итгэл бэлэглэсэн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танд маш их баярлалаа.

 

БАРИЛГЫН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛНЫ ӨМНӨӨС МОНГОЛ БАНКНЫ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

2016 оны 4 дүгээр сарын 11

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна