Г.Баянмөнх Дарханы АН-ыг удирдана

2016 оны 4 сарын 11

Өнгөрсөн долоон хоногийн бямба гарагт буюу энэ сарын 9-нд Дархан-Уул аймгийн АН-ын хорооны хурал болж намын дотоод асуудлынхаа талаар хэлэлцээд намын даргаар Г.Баянмөнхийг сонгожээ. Тус аймгийн АН сүүлийн жилүүдэд нэлээд маргаан тэмцэлтэй байв. Зарим хүмүүсийнх нь хариуцлагагүй, дүрэм журмаа биелүүлдэггүйгээс болоод хоёр намын хороо, хоёр даргатай, хоёр тамгатай явж ирсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн АН-ын нэг дарга нь Н.Мөнхдаш, нөгөөдөх нь Л.Наранбаатар болоод байжээ. Энэ нь 2014 оны гуравдугаар сард болсон намын хороогоо бүрэн бүрэлдэхүүнээр татан буулгаж, шинээр сонгох сонгуулиар дүрмийн бусаар зохион байгуулж  намын хуучин дарга  Н.Мөнхдаш нь өөрийгөө намын даргаар өргөмжилсөн байна. Тиймээс намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулан тэмцсэн Л.Наранбаатар болон түүнийг дэмжигчид үндсэн дүрмийн дагуу сонгуулийг зохион байгуулснаас үүдэн дээрх маргаан гарчээ. Хуучин дарга Н.Мөнхдаш нь үндсэн дүрэм зөрчиж сонгууль зохион байгуулсныг Ардчилсан намын хяналтын ерөнхий хороо авч хэлэлцэж  хууль ёсны шийдвэрээ гаргасан байтал АН-ын дарга З.Энхболд түүнд “намаа төлөөлнө” гэсэн “итгэмжлэл” гардуулсан зэрэг нь тус намын жирийн гишүүдийн шүүмжлэлд өртөхөд хүргэсэн байна. Учир нь 2014 оны гуравдугаар сарын тэрхүү намын дотоод сонгуулиар Н.Мөнхдаш болон түүний гар хөл болсон зарим хүмүүс хууль, дүрэм зөрчсөнийг АН-ын ХЕХ-ны 2014.10.13 өдрийн 03 тоот тогтоолоор баталсан байтал үүнийг нь дээгүүрээ хуйвалдааны замаар үгүйсгэсэнд жирийн гишүүд нь дургүйцэж байжээ. Тиймээс үндсэн дүрмийн хүрээнд сонгогдсон АН-ын хорооны гишүүд нь хуралдаад Л.Наранбаатарыг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж, оронд нь  Г.Баянмөнхийг сонгосон байна. Ардчилсан намын хяналтын ерөнхий хороо гэдэг бол Ардчилсан намын “үндсэн хуулийн цэц” юм.

Б.БАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна