Нийслэлд морин тойруулга байгуулах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа

2016 оны 4 сарын 11

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/270 дугаар захиамж гаргалаа. Тус захирамжаар Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хоролсүрэн нар ажиллана. Судалгаа хийх ажлын төлөвлөгөө гаргаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан, үр дүнг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргад тайлагнахыг Ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна