Хавар ирлээ, харшлаас хэрхэн зугтаах вэ?

2016 оны 4 сарын 11

Урин дулаан цаг болж охид хүүхдүүд гоё ганган хувцсаа өмсөж, хүүхэд багачууд хөөрч баясан гадаа тоглох цаг ирлээ. Харамсалтай нь хүн болгон хаврыг ингэж таатай хүлээж авдаг гэвэл үгүй ээ.

Харшил тань хөдлөх вий гэж санаа зовж, хамар загатнаж, нүд хорсож, нус нулимстай холилдоно гэхээс та айж байгаа юм биш биз? Харшлын хүнд хэлбэрийн үед заавал эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай байдаг бол хөнгөн хэлбэрийн үед дараах аргаар харшлаа намдааж болно.

Харшлыг бүрэн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй байгаа учраас харшлын эмч нар харшил үүсгэгч хүчин зүйлээс (жишээ нь: шарилж, тоос, самар, төмөр гэх мэт)  аль болох хол байхыг зөвлөдөг. Гэхдээ энэ танд боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл танд бодсоноос тань илүү амархан гэдгийг хэлэх байна.

  1. Нарны шил зүүх. Нарны шил зүүж, нүдэндээ тоос тоосонцор орохоос сэргийлээрэй. Салхиар хийсэн яваа тоос тоосонцорт нүд мэдрэгшин, улайж загатнадаг бөгөөд улайсан нүд нарны туяанд мэдрэг байдаг тул нарны шил зүүснээр нүдийг тань давхар хамгаалах болно.

  2. Тасалгааны ургамлаас татгалзах. Тасалгааны ургамал гэртээ тарихгүй байсан дээр гэж танд зөвлөе. Тасалгааны ургамал тэр дундаа цэцэг харшил бараг төрүүлдэггүй гэж үздэг ч, ургамлын хөрснөөс тоос босож харшил үүсгэнэ. Хэрвээ та гэртээ ургамал тарих дуртай бол унтлагын өрөөндөө битгий тавиарай.

  3. Тоосны хачгийг үгүй хийх. Гэр доторх харшил үүсгэгчдийн нэг томоохон төлөөлөл нь тоосны хачиг юм. Маш жижигхэн энэ шавьж ор дэрний даавуу, чихмэл амьтан зэрэгт амьдардаг байна. Иймд эдгээрийг халуун усанд угааж, наранд хатааснаар тоосны хачгийг үгүй хийх боломжтой.

  4. Цэцгийн тоосонцроос өөрийгөө чөлөөлөх. Харшлын ринит голдуу улирлын чанартай, мод, ургамал, шарилж тоос хүртэх үеэр үүсдэг. Хэрвээ та өөрийнхөө юунд, хэзээ харшил тань сэдээгдэж байгааг анзаарсан бол тэр үедээ хэсэг хугацаагаар хотоос зайдуу хол амарч болох юм. Тоосноос зугтаах хамгийн тохиромжтой газар бол далайн эрэг. Гэтэл бид нар харшлын улирлын турш амраад, далайн эрэг яваад байх боломжтой билүү? Тэгэхээр нэгэнт ийм боломж байхгүй л бол тухайн харшлын улирлын үед салхитай өдрүүд болон үдийн цагт буюу тоосны хэмжээ агаарт хамгийн их байдаг үеүдэд гэртээ байхыг эрмэлзээрэй.

  5. Гадаа байгаа тоос тоосонцрыг тэнд нь л үлдээ. Хэрвээ та гадаа ажилладаг бол ажиллаж байх үедээ маск зүүж, гэртээ орохоосоо өмнө ажлынхаа хувцсыг тайлаарай. Мөн тариалан, талбай дээр ажиллаж байгаад ирсэн бол тэр даруй шүршүүрт орсон нь дээр. Шүршүүрт орох үед хамрын хөндий дэх, арьс, үсэнд суусан тоос тоосонцор зайлуулагдан, гэрт тоосонцор тархахаас сэргийлнэ. Ер нь тэгээд энэ бол ариун цэврийн талаасаа ч хийх хэрэгтэй зүйлсийн л нэг шүү дээ.

  6. Гэртээ бүү тамхи тат. Түүнчлэн гаднаас ирсэн зочиндоо эелдгээр гадаа тамхи татахыг асуугаарай. Тамхины утаанаас гадна мод түлэх, аргал уугиулах мөн үсний цацлага, будгийн үнэр, агаар цэвэршүүлэгч зэргийн хурц үнэр харшлыг өдөөх аюултай.

  7. Жоомыг устга. Хүүхдүүдэд харшлын өвчин, астма үүсгэж байгаа хамгийн түгээмэл шалтгаануудыг судалж үзэхэд, тэдгээр шалтгаануудын нэгт жоом багтсан байна! Иймээс гэрт тань жоом харагдвал тэр даруй устгах арга хэмжээ аваарай.

  8. Хамрын хөндийг чийгшүүлэх. Ялангуяа харшлын риниттэй хүмүүс харшлаа түр хугацаанд намдаахын тулд энэ аргыг ашиглах боломжтой. Буцалсан усыг том амсартай саванд хийж, дээгүүрээ алчуур нөмрөн нүүрээ ууранд утна. Энэ үед шүршүүрт орсонтой ижилхэн хамрын хөндий цэвэрлэгдэж, чийгшилтэй болдог ажээ.

Эх сурвалж:

http://www.everydayhealth.com/allergy-pictures/easy-allergy-fighting-tricks-you-may-not-have-tried.aspx#11

http://www.health.com/health/gallery/0,,20677556,00.html/more

doctorpro.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна