Мэргэжил сурталчлах сарын аяныг өрнүүлэв

2016 оны 4 сарын 11

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв нь, “Монгол ур чадвар - 2016” тэмцээний хүрээнд мэргэжил сурталчлах  сарын аяныг өрнүүллээ. Энэ хичээлийн жилд л гэхэд 14 мэргэжлээр 32 дахь жилдээ зохион байгуулсан ур чадварын шигшээ уралдаанд 113 сурагч өрсөлджээ.

Мэргэжлийн төвийн сурагчид  2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 44 дэхь наадамд шалгаран оролцох зорилт тавиад  бэлтгэлдээ орлоо. Сургалтын төвийн захирал доктор Ч.Лхагвасүрэн хэлэхдээ “-Ур чадварын уралдаанд өрсөлдөхийн тулд манай хүүхдүүд нь, иж бүрэн цахим сүлжээнд холбогдож, хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технелогийг нэвтрүүлсэн анги танхимуудад бэлтгэл хийж байна. Хичээлийн танхим, дадлагын газруудыг дэлхийн жишигт нийцүүлэн, орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглон суурилуулсан учраас дутагдах юмгүй. Сургуулийн гол зорилго нь мэргэжлийг чанартай дадлагаар дамжуулан олгоход чиглэгддэг. Ингэж олж авсан мэргэжил үйлдвэрлэл дээр очиход ямар ч дахин дадлагажих хугацаа шаарддаггүй учраас шууд л хуучин ажилчидтай зэрэгцэн ажиллах боломжтой. Дадлага давамгайлсан энэ аргыг, сургалтын бусад аргаас илүү үр дүнтэй гэдгийг багш нарын маань сургалт баталж чадаж байгаа. Ганцхан жишээ дурьдахад манай засал чимэглэлийн ангийн сурагч Б. Мөнгөншагай “Монгол ур чадвар” уралдааны “Хавтанцар наагч” төрөлд улсдаа тэргүүлэн шалгарч улмаар Бразилийн Сан Пауло хотод зохиогдсон дэлхийн ур чадварын уралдаанд амжилттай оролцож хамт олныхоо нэрийг дуудуулсан. Одоо болж байгаа ур чадварын уралдаан нь энэ л уламжлалаа үргэлжлүүлэн илүү өндөр түвшинд гаргах зорилготой” гэлээ. Сургалтын албаны дарга Д.Цэцэгмаа “- Ур чадварын уралдаанд Дархан хотын ажил олгогч байгууллагуудын  төлөөлөгчид ирж оролцдог нь  манай сургуулийн нэрийн хуудас болсон ажлын нэг. Энэ удаад л гэхэд “Дархан Ус суваг”, “Агро Маш”, “Өег Гурил”, “Дархан Нэхий”, Дархан Геомаш” “Минж Проперт” компаниудын мэргэжилтнүүд ирж уралдааны шүүгчдийн бүрэлдүүнд оролцлоо” гэсэн юм.

Мэргэжил сурталчлах аяны хүрээнд ашигт малтмалын  үйлдвэрлэлийн  түншлэлд суурилсан “Дархан хотын илч гэрлийн боловсруулалт” сургалт явуулжээ. Сургалтанд үйлдвэрийн механик, гагнуурын мэргэжлээр суралцагч  оюутан сурагчид нь  багш нарын хамт  оролцож, илчийн боловсруулалтын багаж хэрэгслүүд, галын төрлүүд, галтай харьцах аргууд, дарханы ажлын  техник, технологи дараалалтай танилцан дадлага  хийлээ. Сурагчид зөвлөх багшийн удирдлага дор металл  хийцийн  бэлдэц үзүүрлэх, нүх гаргах, тасдах, хээ угалз матаж гаргах ур чадваруудыг эзэмшиж, гэрчилгээ гардан авчээ.

Ө.Рагчаасүрэн (Дархан-Уул)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна