Төлөвлөөгүй айлчлалыг цэгцэлнэ

2016 оны 4 сарын 11

-Сайд нар  заавар, удирдамжаас эсрэг санал өгөх, Засгийн газрын шийдвэргүйгээр төрөл бүрийн санамж бичиг, протоколыг тохирч байгуулсан тохиолдол цөөнгүй-

Монголчууд бид өвөр зуураа толхилцож, холхилдсон, улстөрчид нь нам бүлэг, фракцаараа хуваагдан талцсан, эгэл ард нь эрх мэдэлтнүүдээ хардаж сэрдсэн, таарамж муутай эр, эм хоёрыг албадаад нэг гэрт оруулчихсан мэт байх нь бий. Үүнийгээ бид ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл хэмээн өөгшүүлж, харин ч төр, засгийн тэргүүнээ муулах эрхтэй байгаагаараа бахархан омогшдог. Улс дотроо уруул дордойвч, уушги дордойхгүй нь мэдээж. Харин гадаад ертөнцөд Монгол Улсыг хэрхэн тольддог вэ, тэр дундаа гадаад бодлого маань цогцоор хэрэгжиж чаддаг уу, гадаадын улс орнуудтай хийсэн гэрээ хэлцлүүд дарга солигдохын тоогоор эргэж хөрвөлгүй залгамж чанараа хадгалж чаддаг уу гэхчлэн асуултууд тулгарна.

Энэ бүх асуудлыг нэг шугамд оруулж, Монгол Улсын гадаад бодлогыг нэг цонхонд нэгтгэх зорилго бүхий хуулийг өнгөрсөн долоо хоногийн баасан гариг /2016.04.08/-т УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Оюун, Н.Энхболд, Д.Дэмбэрэл нарын  өргөн мэдүүлсэн Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөлд  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах асуудлыг чухалчлан үзэж, холбогдох заалтуудыг оруулсан байна. Үе үеийн Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаад бодлогыг “нэг цонхоор” явуулахад чиглэсэн хүчин чармайлт, холбогдох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байсан ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй  журам, тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг хууль санаачлагчид онцолжээ. Өнөөдрийн байдлаар гадаад бодлогын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй дараах хууль тогтоомжууд байдаг ажээ. Үүнд:

  1. 1996 онд гаргасан “Гадаад хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах тухай” Засгийн газрын 321 дүгээр тогтоол,

  2. 2010 оны “Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай” Засгийн газрын 162 дугаар тогтоол,

  3. 2013 онд гаргасан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 01/01 тоот зөвлөмж,

  4. 2013 оны “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам” батлах тухай Засгийн газрын 169 дүгээр тогтоол гэх мэт.

Энэ бүх тогтоол, зөвлөмжүүдэд төрийн байгууллагын албан тушаалтан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, холбогдох зөвлөмж, шийдвэргүйгээр урьдчилан төлөвлөөгүй гадаад айлчлал, арга хэмжээ зохион байгуулах, яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулахыг хориглосон байна. Гэсэн хэдий ч эдгээр тогтоол шийдвэрүүд өнөөг хүртэл амьдралд бодитой хэрэгжиж, мэдэгдэхүйц үр дүн өгөөгүй хэвээр байна.

Өдгөө Засгийн газрын гишүүн, сайд нар  олон улсын арга хэмжээнд оролцохдоо Засгийн газар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас өгсөн заавар, удирдамжаас эсрэг санал өгөх, Засгийн газрын шийдвэргүйгээр төрөл бүрийн санамж бичиг, протоколыг тохирч байгуулсан тохиолдол цөөнгүй ажээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд  Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хөрш зэргэлдээ улсын аймаг, хотууд руу айлчлал хийх, зээл тусламж хүсэх, орон нутгийн төлөөлөл зохих зөвшөөрөлгүйгээр гадны улсад айлчлах зэрэг зөрчил удаа дараа гарсаар байгааг хууль санаачлагчид сануулж байна.

Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төлөвлөсний дагуу гадаад улсад айлчлал хийж, гадаад арга хэмжээ хэрэгжүүлсний дараа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан ёсны илтгэх хуудас, айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны баримт бичгийн хувийг ирүүлэх учиртай. Гэтэл илтгэх хуудас бичих нь бүү хэл төрийн өмнөөс амлалт өгөх, дураар зээл, тусламж хүсэх зэргээр гадаад бодлогод харшилсан үйлдэл хийдэг том толгойтнууд олон байдаг ажээ.

Түүнчлэн төрийн байгууллагууд хилийн чанадад Монгол Улсаа төлөөлөн  суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай харилцахдаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулах үүрэгтэйг хуульчилсан байдаг ажээ. Үүнийг мэддэгггүзй, мэдсэн үл тоон шууд харилцдаг, гадаад харилцаа, хамтын ажиллагааныхаа талаарх тодорхой мэдээ, мэдээллийг өгдөггүй зэрэг дутагдал түгээмэл хэвээр байгаа аж.       Гадаад харилцааны салбар дахь энэ мэт алдаа дутагдал гаргасан хүмүүст харицлага тооцож байсан түүх үгүй. Тиймээс ч алдаа давтагдсаар, төр тоолон улсын маань нэр хүнд унасаар байгаа юм.

Иймд гадаад харилцааны  хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангаж, тогтвортой, залгамж чанарыг хадгалах, гадаад харилцаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг өндөржүүлж, батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, Монгол Улсын цаашдын  хөгжил дэх гадаад харилцааны салбарын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл нь үндсэн зургаан бүлэг, 15 зүйлтэй ажээ. Хуулийн төслийг боловсруулахдаа  АНУ, Канад, Словени, Итали, ОХУ, ХБНГУ, Болгар, Казахстан зэрэг орны туршлагыг судалжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой, залгамж чанарыг хадгалах, гадаад харилцаанд оролцогч байгуулагуудын үүрэг хариуцлага тодорхой болж, уялдаа холбоог хангахын дээр төрийн гадаад арга хэмжээний төлөвлөлт, төсвийн зарцуулалтыг үр ашигтай болнр гэж хуулийн төслийг боловсруулагчид үзэж байна.  Монгол Улсын гадаад нэр хүнд дээшилснээр гадаад эдийн засгийн харилцааны үр өгөөж, гадаадын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг бодитой эерэг үр дүн гарна. Түүнчлэн, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чадавхи бэхжиж, гадаад харилцааг нэгдмэл бодлого, төлөвлөлтийн хүрээнд уялдуулан зохицуулах эрх зүйн үндэслэл тодорхой болох зэрэг бодит өөрчлөлт гарна гэж тооцжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт дарамт үүсэхгүй гэдгийг ч онцлон тодотгожээ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна