Сургуулиа хэрхэн сонгох вэ?

2016 оны 4 сарын 11

Ахлах сургуулийн сурагчид сургуулиа төгсч, мэргэжил, сургуулиа сонгох цаг удахгүй ирнэ. Ямар сургуульд суралцах вэ гэдэг асуулт төгсөх сурагчдын өмнө тулгардаг. Бидэнд ч энэ асуулт тулгарч байсан цаг саяхан. Суралцах сургуулиа сонгохоос өмнө сонирхож буй сургуулиа сайн судлахаас гадна өөрийнхөө нөөц боломжийг тооцох нь чухал. Ялангуяа гадаадын сайн сургуульд суралцаж, төгсөх нь нэр хүнд,  ирээдүйн баталгаа болж өгдөг. Гэвч гадаадын сургуульд л элсчихвэл бүх зүйл сайхан болно гэдэг дэндүү том эндүүрэл гэдгийг гадаадад сургууль төгсөгчид хэлдэг. Хэлээ сайжруулаагүй, гадаад хүнтэй гадаад хэлээр ганц ч удаа ярилцаж үзээгүй байж давхиад очвол их санасан газар есөн шөнө хоосон гэдэг үг биеллээ олно. Юу гэсэн үг вэ гэвэл ахлах сургуульд сурсан англи хэл гадаадад орчинд суралцахад хангалтгүй байдаг.

Саяхан “Сант” дунд сургуулиас анхны эмэгтэй сурагч АНУ-ын шилдэг их сургуулиудын нэг MIT буюу Массачесутсын технологийн институтэд суралцахаар шалгаруулалтад тэнцжээ. Х.Цэрэнчимэг ахлах сургуульд суралцаж байхаасаа л энэ сургуульд суралцахыг мөрөөддөг байжээ. Гэхдээ Массачесутсын технологийн институтэд элсэхийн тулд хоосон мөрөөдөх хангалтгүй. Тиймээс Х.Цэрэнчимэг TOEFL-д 106 оноо, SAT-д 1900 оноо авах хүртэл чармайсан байна. Ахлах сургуулийн англи хэлний програм гадаадын их сургуульд элсэх хэмжээнд хангалтгүй байсан учраас Х.Цэрэнчимэг хэлний мэдлэгээ сайжруулахаар бие даан суралцсан хэмээн ярилцлагадаа дурьджээ. Х.Цэрэнчимэг мөн гадаадад суралцах сонирхолтой охид, хөвгүүдэд CV бөглөхдөө юуг анхаарах талаар зөвлөгөө өгч, бусдын үгээр, эсвэл бүгд тэгж бичдэг болохоор спорт, урлагт дуртай гэж биш, өөрийнхөө дуртай, сонирхдог зүйлийн талаар үнэнээ бичихийг, жишээлбэл солонгос савангийн дуурь үзэх дуртай бол түүнийгээ бичихийг зөвлөсөн юм.Үүнээс өмнө бас 15 настай монгол сурагч М.Баттүшиг Массачусетсын технологийн институтийн MOOC буюу анхны нээлттэй онлайн курст амжилттай суралцаж, хамгийн өндөр оноо авч америк багш нараа алмайруулсан юм. Чанартай дээд боловсролыг дэлхийн хаана ч хүртэж болохыг баталсан онлайн курсыг амжилттай дүүргэсэн “од” сурагчийн талаар Нью-Йорк таймст нийтлэл хүртэл гарч байв. Харин үүний дараа Масссачусетсын технологийн институт болон Харвардын их сургуулийн хамтарсан онлайн сургалтыг хөгжүүлэх төсөл “edX”-ийн удирдлагууд М.Баттүшигт сургуулийн сурагчдад зориулсан онлайн курсыг илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох ажил санал болгосон юм. М.Баттүшигийн сонирхол нь түүнд амжилт авчирч, сургуульд суралцахын хажуугаар ажиллах боломж олгосон.

Массачусетсын технологийн институтийг ийн онцолсны учир нь Монголын олон оюутан тэнд амжилттай суралцаж, нэрээ цуурайтуулж байгаа юм. АНУ-ын Кэмбриж хотод байдаг энэ сургууль 1861 онд Америкийн үйлдвэржилтийн эриний нөлөөгөөр байгуулагдсан хувийн их сургууль юм. Таван сургууль, нэг коллежоос бүрдэх Массачусетсын технологийн институт нийт 32 факультеттай. 2015 оны байдлаар тус их сургуулиас Нобелийн шагналтан 85, шинжлэх ухааны зүтгэлтэн 52, сансрын нисэгч 34 төрөн гарчээ. Массачусетсын технологийн институт Олон улсын их сургуулиудын академик рейтингээр дэлхийд долдугаарт, Форбес сэтгүүлийн дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад аравдугаарт, QS дэлхийн их сургуулиудын рейтингээр нэгдүгээрт бичигдэж байна. Гэхдээ Массачусетсын технологийн институт дэлхийн хамгийн өндөр төлбөртэй хувийн их сургуулийн тод жишээ юм.

2015-2016 оны хичээлийн жилд тус сургуулийн сургалтын төлбөр 45,016 ам.доллар байв.

Үүн дээр дотуур байр, хоолны зардал 13,224 ам.доллар нэмэгдэнэ. Нэг жилийн сургалтын төлбөр нийлээд 58,240 ам.доллар болно. Гэхдээ ном, хичээлийн хэрэгсэл болон хувийн зардал үүнд багтаагүй. Сүрдмээр их тоо боловч оюутан оруулсан хөрөнгө оруулалттайгаа тэнцэх хэмжээний мэдлэг боловсрол эзэмших нь гол. 155 жилийн түүхтэй энэ сургууль шинжлэх ухаан, математик, инженерийн сургалтаараа супер гэгддэгээс гадна бизнес, эдийн засгийн хөтөлбөрүүд нь АНУ-д хамгийн алдартай нь юм. 11,300 оюутанд хичээл заадаг энэ сургууль жилд 12 тэрбум ам.долларын хандив авдаг ажээ.

Тус сургуулийн оюутнуудын 56 хувь нь сургуулийн тэтгэлэгт хамрагддаг бөгөөд тэтгэлгийн хэмжээ дунджаар 34,551 ам.доллар байдаг байна. Сургуулийн зүгээс жилийн орлого нь  75,000 ам.доллараас бага айлын хүүхдүүдэд тусгайлан тэтгэлэг олгодог бөгөөд нийт оюутнуудын 32 хувь нь 100 хувийн тэтгэлгээр суралцдаг байна.

Гадаадын оюутнуудад тэтгэлэг авах, сургалтын төлбөрөө зээлэх, суралцахын хажуугаар ажиллах боломж нээлттэй ажээ. Эцэст нь танаас шалтгаалах цорын ганц зүйл нь гадаад орчинд суралцах, хөгжих хэрэгсэл гадаад хэлийг хангалттай сурсан байх ёстой.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна